Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Кибер халдлагад өртсөн Jaguar Land Rover компанийн үйлдвэрлэл бүрэн зогсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Олон хоногийн өмнө кибер халдлагад өртсөн Британийн автомашин үйлдвэрлэгч Jaguar Land Rover (JLR) компанийн үйл ажиллагаа Лхагва гараг хүртэл зогсохоор байгааг тус компанийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Их Британи дахь хөдөлгүүрийн үйлдвэрүүд, Словак, Хятад, Энэтхэг дэх угсралтын үйлдвэрүүд үүний улмаас бүрэн зогсож, ажилчдаа тараасан байна.

Наймдугаар сарын 31-ний өдөр гарсан кибер халдлагын үеэр JLR компани дотоод мэдээллийн системээ эрсдэлээс хамгаалахын тулд унтрааж байжээ. Гэвч буцаад сэргээж чадаагүй байна.

Компанийн удирдлага системээ буцааж сэргээхийн тулд гаднын мэргэжилтнүүдтэй хамт 24 цагаар ажиллаж байгаагаа мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт тэд зогссон үйлдвэрүүдийнхээ ажилчдад Мягмар гарагийг хүртэл гэртээ байх чиглэл өгч байв. Харин өчигдөр дахин нэг хоногоор сунгажээ.

Ердийн үед JLR компани өдөрт 1,000 орчим автомашин үйлдвэрлэдэг. Тиймээс ийм олон хоногийн тасалдал тус компанийн өөрийнх нь болон ханган нийлүүлэгч компаниудын бизнест томоохон нөлөө үзүүлэхээр байна.

Зөвхөн үйлдвэрлэлийн ажиллагаа төдийгүй сэлбэг, эд ангийн захиалга нь хүртэл үүний улмаас зогсжээ.

Өмнө нь Британийн хэд хэдэн компанийн дотоод системд халдаж байсан залуу хакеруудын бүлэг энэхүү халдлагыг үйлдсэнээ хүлээсэн юм.

Тэд халдлагаас хэдхэн хоногийн дараа Телеграм хуудсаар энэ ажлынхаа талаар сайрхан мэдээлж байжээ.

Тус бүлэг JLR компанийн системийг барьцаалж, мөнгө нэхэж байж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Эх сурвалж: BBC