АНУ-ын алдарт боксчин, мэргэжлийн боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга Кристи Мартины амьдралаас сэдэвлэсэн "Christy" кино ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх юм.
Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Сидни Суинигийн гол дүр бүтээсэн уг кинонд түүнээс гадна Бэн Фостер, Меритт Уивер, Кэти Ө'Брэйн зэрэг олны танил алдартнууд бодит хүний дүрийг дэлгэцнээ мөнхөлжээ.
Австралийн кино найруулагч, жүжигчин Дэвид Мичодын ээлжит уран бүтээлд 1990-ээд оны дунд үед ид алдаршиж байсан боксчин Кристи Мартины бодит амьдрал, зөрчил, хүчирхийлэгч нөхөр гээд адармаатай амьдралынх нь талаар өгүүлэх юм.
Киноны гол дүр болох боксчин бүсгүй өдгөө 57 настай. Боксын шинжээчээр ажиллахаас гадна өөрийнхөө амьдралын талаар илтгэгч болсон билээ.
Тэрбээр мэргэжлийн боксын замналаа 1989 оноос эхэлж 2012 онд зодог тайлах хүртлээ 59 тулаан хийж, 49 ялалт байгуулсан. 2009 онд WBC холбооны аваргын бүс эзэмшсэн Кристигийн амжилтыг үнэлж, 2016 онд Невада муж улсад боксын алдрын танхимд нэрийг нь мөнхөлсөн түүхтэй.
Түүний спортын замналаас гадна хувийн амьдрал нь ч ээдрээтэй. Боксчин бүсгүй тухайн үед өөрийнх нь менежер байсан Жим Мартинтай 1991 онд гэрлэсэн. Гэрлэх үедээ Кристи 22, Жим 47 настай байжээ.
Хожим буюу 2010 онд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд нөхөр нь алахыг завдаж, эхнэрээ нэг бус удаа буудаж шархдуулсан. Жим Мартинд шүүхээс хүн алахыг завдсан үйлдэлд нь 25 жилийн хорих ял оноосон аж. Хийсэн үйлдэлдээ 12 жил шоронд суусан Жим 2024 онд Флорида мужид хоригдож байх үедээ нас эцэслэсэн юм.
Харин телевизийн цувралаараа олонд танигдсан жүжигчин Сидни Суини дүрээ бүтээхийн тулд 13 кг жин нэмсэн байна. Сидни өсвөр насандаа тулааны спортоор хичээллэж байсан тул түүхэн хүний бодит дүрийг дэлгэцийн бүтээл болоход нь оролцох хүсэлтэй байжээ.
Эх сурвалж: Vanity Fair
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!