Бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгтэн Жеффри Эпштейнд төрсөн өдрийг нь тохиолдуулан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын илгээж байсан садар самуун агуулгатай мэндчилгээг Даваа гарагт Ардчилсан Намын хууль тогтоогчид нийтэд ил болгожээ.
Санхүүч Эпштейн нь олны танил, эрх мэдэлтэй хүмүүст залуу охидыг зуучилдаг байсан хэрэгт шалгагдаж байхдаа 2019 онд Нью Йоркийн шоронд амиа хорлосон юм. Түүний үйлчлүүлэгчдийн нэрсийг ил болгох тухай асуудал Америкийн улс төрд томоохон маргаан дэгдээгээд байгаа.
Өчигдөр нийтэд ил болгосон мэндчилгээ нь нүцгэн эмэгтэйн дүрсээр хүрээлэгдсэн Трамп, Эпштейн нарын харилцан ярианы бичвэрээс бүрдэж байв.
“Бидэнд нийтлэг зүйл бий” гэж Трампын бичсэнд Эпштейн “Тийм ээ, бид энэ талаар бодох ёстой” гэж хариулжээ.
“Оньсого хэзээ ч хуучирдаггүй, үүнийг анзаарсан уу?” гэж Трамп бичихэд “Чамтай хамгийн сүүлд уулзахад энэ нь ойлгомжтой байсан” гэж Эпштейн хариулсан байв.
Эцэст нь Трамп “Найз гэдэг гайхалтай зүйл. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Өдөр бүр өөр нэг гайхамшигтай нууц байх болтугай” гэж бичээд гарын үсгээ зурсан байжээ.
Трамп уг мэндчилгээг Эпштейний 50 насны төрсөн өдөр илгээж байсан байна.
Ийм мэндчилгээ байгаа талаар анх “The Wall Street Journal” мэдээлэхэд Трамп тус сониныг шүүхэд өгч, $10 тэрбумыг нэхэмжилж байжээ.
Өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт “Ерөнхийлөгч Трампын хуулийн баг шүүхдэх үйл явцыг эрчимтэй үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Трамп олон жилийн турш Эпштейнтэй холбоотой дуулианаас нэрээ цэвэрлэхээр тэмцэж байгаа.
Тэрбээр энэ оны эхээр хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсний дараахан Эпштейний хэрэгтэй холбоотой баримтуудыг ил болгохоо амлаж байв.
Гэвч түүний засаг захиргааны Холбооны Мөрдөх Товчоо, Хууль зүйн яам өнгөрсөн долдугаар сард “Эпштейний үйлчлүүлэгчдийн жагсаалт” гэх ямар нэг бичиг баримт огт байхгүйг зарласан нь маргааныг улам эрчимжүүлсэн юм.
Шүүмжлэгчид үүнийг Трамп өөрийгөө хамгаалах зорилготой үйлдэл гэж үзэж байв. Энэ мэдэгдэл Трампын дэмжигчдийг ч бас хагаралдуулсан юм.
Ардчилсан Намынхан болон Бүгд Найрамдах Намын цөөнх Эпштейнтэй холбоотой бүх материалыг нийтэд ил болгохыг эрх баригчдаас шаардаж байгаа.
“The Wall Street Journal” сонины нийтлэлд Эпштейний төрсөн өдрийн мэндчилгээний эмхэтгэлд ерөнхийлөгч асан Билл Клинтон зэрэг олон арван хүний захидал байгааг мэдээлсэн юм.
Маргааныг намжаахын тулд Трампын хууль зүйн яам саяхан Эпштейн агсны найз бүсгүй, одоо шоронд 20 жилийн хорих ял эдэлж байгаа Гислэйн Максвеллын өгсөн мэдүүлгийн бичлэгийг ил болгож байв.
Трампын өмгөөлөгч асан, АНУ-ын ерөнхий прокурорын орлогч Тодд Бланшт өгсөн мэдүүлэгтээ Максвелл “Трамп, Эпштейн нар найзын харилцаатай байсан ч Трамп ямар ч зохисгүй зүйлд оролцож байгаагүй” гэж ярьжээ.
Одоо 63 настай Максвелл нь Эпштейний хэргийн хамтрагч байсныхаа төлөө шийтгүүлсэн цорын ганц хүн бөгөөд дээрх мэдүүлгийг өгснийхөө дараа Флоридагийн хатуу дэглэмтэй шоронгоос Техасын энгийн дэглэмтэй хорих газарт шилжжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!