Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Европ даяар ажилладаг Беларусийн тагнуулын сүлжээг илрүүлснээ Чехийн эрх баригчид зарлав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Европ даяар ажилладаг Беларусийн тагнуулын сүлжээг Унгар, Румын улсуудын холбогдох албаныхантай хамтран илрүүлснээ Чехийн сөрөх тагнуулын газар Даваа гарагт мэдээлжээ.

Уг сүлжээний гишүүдийн дотор Молдов улсын үндэсний тагнуулын газрын дэд дарга асан байсан байна.

Мөн уг сүлжээнд дипломат ажилтны нэрээр ажиллаж байсан Беларусийн иргэнд нутаг дэвсгэрээсээ гарч явах 72 цагийн хугацаа өгснийг Чехийн гадаад хэргийн яам өчигдөр мэдээлжээ.

Дипломат төлөөлөгчийн статус нь түүнийг Европын орнуудад чөлөөтэй зорчиж, тагнуулын үйл ажиллагаа явуулах боломж олгож байсан гэнэ.

“Европ даяар хэрэгжиж буй ийм дайсагнасан үйл ажиллагааг амжилттай таслан зогсоохын тулд бид Орос, Беларусийн дипломат ажилтнуудын Шенгений бүс дотор шилжих хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй байна” гэж Чехийн сөрөх тагнуулын газрын (BIS) тэргүүн Михал Коделка мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн өчигдөр Румыний зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (DIICOT) эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэгдсэн 47 настай иргэнийг баривчилснаа мэдээлсэн байна.

Уг сэжигтэн нь Молдовын үндэсний тагнуулын байгууллагад удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд “үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй” нууц мэдээллийг Беларусийн тагнуулын албаныханд дамжуулж байсан гэнэ.

Тэрбээр 2024-2025 онуудад Унгарын нийслэл Будапешт хотод Беларусийн тагнуулчидтай хоёр удаа уулзахдаа “даалгавар” болон үзүүлсэн үйлчилгээнийхээ “төлбөр”-ийг солилцож байсныг батлах баримтыг илрүүлсэн тухай Румыний эрх баригчид мэдээлжээ.

Улс дамнасан мөрдөн шалгах ажиллагаанд Европын Холбооны хууль зүйн хамтын ажиллагааны байгууллага Eurojust хяналт тавьж оролцсон байна.

Беларусь улсыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотон Александр Лукашенко 30 гаруй жил удирдаж байгаа.

Тэрбээр хөрш Украин улсын эсрэг Оросын эзлэн түрэмгийлэх дайнд газар нутгаа ашиглуулж, дараа нь Оросын тактикийн цөмийн зэвсгийг нутаг дэвсгэр дээрээ байршуулах зөвшөөрөл өгч байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press