Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Турк улсын эрүүл мэндийн сайд хавдрын шинэ эмнэлэг барихад туслахаа илэрхийлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 9 сарын 8
IKON.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу өнгөрөгч долоо хоногт манай улсад айлчилсан. Хоёр улсын Эрүүл мэндийн сайд нарын албан ёсны уулзалтаар дараах ажлуудыг хамтран хийхээр санал солилцжээ.

Зураг төслийн шатандаа яваа Хавдрын шинэ эмнэлгийн төслийг манай улс бүх талаар дэмжин ажиллана гэж Кемал Мемишоглу хэллээ. Хавдрын шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтад хоёр улсын төрийн тэргүүн онцгой анхаарч ач холбогдол өгч буй нь төсөл урагшлахад маш том дэмжлэг болохыг онцлов. Шинэ эмнэлэг Монгол, Туркийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болно гэв. Хавдар-2 төвийг бүтээн байгуулах нь хөрөнгө мөнгө, хүний нөөц, техник технологийн олон талын хүч нөөц шаардах тул бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд, ойрын хугацаанд зураг төслийн явцтай танилцах уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг албаны хүмүүсийн хамт БНТУ-д айлчлахыг урьжээ.

Турк улс эмийн хэрэгцээнийхээ 92 хувийг Европын стандартын дагуу үйлдвэрлэж хангадаг. 1900 оноос үндэс сууриа тавьж байсан эмийн үйлдвэрлэл нь эрүүл мэндийн салбарын тулах цэг болж хөгжсөн. Харин манай улс эмийнхээ 90 хувийг гадаадаас худалдан авдаг. Турк улс өндөр чанартай эмийг боломжийн үнээр Монголд нийлүүлэх боломжийг судлахаар болсон байна. 

Мөн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголоос 100 гаруй эмч, сувилагч БНТУ-д мэргэжил мэдлэг дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтад хамрагджээ. Хавдрын шинэ эмнэлэгт хүний нөөцийн хэрэгцээг хангахад Турк тусалж хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Анагаахын сургуулийг дөнгөж төгссөн төгсөгчдийг нарийн мэргэжлийн, мэргэшсэн сайн эмч болоход анхаарч хоёр тал хамтарч ажиллахаар тохиролцжээ. 

БНТУ-ын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу “Ковид цар тахал болон бусад олон төрлийн өвчлөл нь эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, илүү хүчирхэг болгож байгаа. Олон төрлийн өвчлөлтэй тэмцэхийн тулд техник, технологи, шинжлэх ухааны хөгжлийг цаг алдахгүй нэвтрүүлж байх ёстой. Манай улсын хувьд өнөөдөр хэрэглэгдэж буй эмчилгээнүүдийн дараагийн шатны хөгжүүлэлт, эрэл хайгуулыг аль хэдийнээ эхлүүлсэн. Жишээлбэл, хавдрыг эмчлэх дархлааны эмийг 2026 оны сүүлчээр бүтээсэн байхаар ажиллаж байна. Манай улс өөрсдийнхөө хуримтлуулсан арвин туршлагаа та бүхэнтэй хуваалцан хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэсэн байна.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам