Дэлхий даяар Монгол иргэдийн агаарын бохирдлын эсрэг дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэж, агаар орчны бохирдлыг бууруулах бодлого, үйл ажиллагаанд иргэдийн хяналт оролцоог нэгтгэн ажиллаж яваа нэгэн бүсгүй бол Цогтсайханы Азжаргал.
Тэрбээр ярилцлагынхаа үеэр "Би аавыгаа эмчлүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, тухайн хавдрын талаар судлахад хүнд металл болон цацраг идэвхт бодист их өртвөл тэр хавдрыг тусах магадлал өндөр байдгийг олж мэдсэн. Түүнээс хойш би орчны бохирдол, эрүүл хоргүй хоол хүнсний талаар мэдлэгээ нэмж аавыгаа эрүүл байлгахын тулд эх орныхоо хоол хүнс, орчны эрүүл мэндийн асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулахаар шийдсэн" хэмээж байв.
Олон улсад санхүү, технологийн салбарт 15 жил ажиллаж буй Ц.Азжаргал өнөөдөр эх орныхоо төлөө сайн дурын хөдөлгөөн, олон нийтийн санаачилгыг удирдан чиглүүлж байгаа юм.
- Сайн байна уу, тантай уулзаж ярилцах боломж гарсанд баяртай байна. Юуны өмнө та өөрийн ажил, мэргэжил, байгаль орчны чиглэлд хэрхэн ажлын гараагаа эхэлсэн түүхээсээ хуваалцана уу
- Өнөөдөр би АНУ-ын Калифорни мужийн Сан Хосе хотын захиргаанд Усны систем, Байгаль орчны үйлчилгээний газарт шинжээчээр ажиллаж байна. Харин Монголдоо бол 2019 оноос эхлэн Breathe Mongolia - Clean Air Coalition нэрээр танигдсан “Агаарын Харуул” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, хамтран удирдаж ирлээ. Миний хувьд энэ хоёр ажил хоёулаа байгаль орчны тогтвортой байдал, агаарын чанар, олон нийтийн эрүүл мэндийн асуудалтай нягт холбоотой байдаг.
Миний ажил мэргэжлийн гараа Австралид бакалаврын оюутан байхдаа Western Union-ийн Ази, Номхон далайн бүсийн төв оффист эхэлсэн. Тэнд Монгол болон Оросын банкны сүлжээг хариуцан ажиллаж байх үед 2004 оны Энэтхэгийн далайн цунами болж, олон сая хүний амьдралд гүнзгий шарх үлдээсэн. Манай байгууллага тухайн үед мөнгөн гуйвуулгын шимтгэлийг эрс бууруулж, байгалийн гамшгийн сангаас хандив өргөсөн нь бизнес нийгмийн хариуцлагатай байх ямар үнэ цэнтэйг надад ойлгуулсан.
Удалгүй би АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Аль Горын An Inconvenient Truth (Таагүй үнэн) баримтат киног үзэж, хүн төрөлхтний буруу үйлдлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт байгалийн гамшгийн цар хүрээг улам нэмэгдүүлж байгааг гүн ойлгосон. Энэ цагаас эхлэн Австралийн Шүрэн арлын цайралт, озоны давхаргын цооролт зэрэг асуудлуудад анхаарал хандуулж, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын ач холбогдлыг илүү ухамсарласан.
Аливаа улсын иргэд өөрсдөө идэвхтэй, мэдлэгтэй байх нь хамгийн чухал...
Үүний дараа би АНУ-д ирж, IBM-д санхүүгийн шинжээчээр 9 жил ажилласан. Энэ хугацаанд санхүүгийн удирдлагаас гадна сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэлхийн олон орноос ирсэн 100 гаруй сайн дурынхныг удирдан агаарын чанарын мониторинг, олон нийтэд боловсрол олгох, бодлогын хяналт хийх зэрэг ажилд татан оролцуулсан. Миний хувьд IBM-д ажилласан жилүүд бол технологи, санхүүгийн мэдлэгээ бататгангаа дэлхийн хэмжээний корпорац нийгмийн асуудалд хэрхэн хандаж, өөрийн нөөц бололцоог хэрхэн зөв ашиглаж чаддагийг бодитоор мэдэрсэн чухал үе байсан.
Эдгээр туршлага нийлээд намайг өнөөдөр байгаль орчин, нийгмийн асуудалд чиглэсэн ажилдаа тууштай байхад чиглүүлсэн гэж би боддог.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд бодитой хувь нэмэр оруулахын тулд, олон улсын туршлага судалж, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах зорилгоор би Climate Reality Corps, Climatebase Fellowship, OnePointFive Academy зэрэг хөтөлбөрт хамрагдсан. Тэдгээрийн дундаас Climate Reality Project-ийн сургалт бизнесийн салбарт ажиллаж буй над шиг мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад ямар нөлөөтэй ажиллаж болохыг харуулсан нь миний чиг баримжаанд онцгой нөлөө үзүүлсэн. Улмаар 2020 онд Climate Reality Leadership Corps-т элсэж, олон улсын хамт олонд Монголын агаарын бохирдлын нөхцөл байдал болон Breathe Mongolia-ийн үйл ажиллагааг танилцуулсан нь өнөөдөр олон хүний дэмжлэг авсан явж байна.
- Та Цахиурын хөндийд идэвхтэй ажиллаж, дэлхийн хэмжээний инновацын төвд байр сууриа олсон ч эх оронтойгоо холбоогоо таслалгүй байгаль орчин, орчны бохирдлын чиглэлээр санаачилга хэрэгжүүлсээр иржээ. Монголдоо ямар төсөл, ажлуудыг санаачилж, амжилттай хэрэгжүүлсэн бэ?
- Монголчууд бид маш цөөхүүлээ учир боломжоороо байгаа газраасаа, чаддаг зүйлсээрээ эх орондоо хувь нэмэр оруулах нь нэн чухал гэж боддог. Бид эхлээд 2017 онд Монгол, Өвөр Монгол залуучуудтай хамтран Нью-Йорк, Улаанбаатар, Вашингтон ДиСи, Будапешт, Чикаго хотуудад #BreatheMongolia hashtag-ийн дор Монгол Улсад үхлийн аюултай агаарын бохирдлын талаар олон нийтийн анхаарлыг хандуулж, тайван жагсаал зохион байгуулсан.
Нью-Йорк хотын Times Square талбай дээрх тайван жагсаал National Geographic Your Shot цахим хуудасны зургийн цомогт хэвлэгдэж, жагсаалыг шууд фэйсбүүкээр шууд дамжуулахад олон зуун мянган үзэлт, сэтгэгдэл авч, таван мянга гаруй удаа хуваалцсан. Энэхүү жагсаал нь дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй монголчууд болон дэлхийн иргэдийг нэгтгэсэн бөгөөд манай үүсгэн байгуулагчид Улаанбаатар, АНУ-ын Сан Франциско, Нью Йорк хотуудаас танилцаж Breathe Mongolia - Цэвэр Агаарын Эвсэл ашгийн бус байгууллагыг 2019 онд албан ёсоор үүсгэсэн. Монгол дахь салбараа 2020 онд Агаарын харуул нэрээр бүртгүүлснээс хойш удирдах зөвлөлийн гишүүд болон хандивлагчдын даалгасан итгэл, санхүүжилтийн ачаар 60 гаруй төсөл амжилттайгаар хэрэгжүүлж үр дүнд хүрсээр байна.
Манай баг өнөөдөр 200 гаруй сайн дурын гишүүдтэй болж, тэдний оруулсан цаг хугацаа 20 мянгад хүрээд байна. Зөвхөн Улаанбаатарт гэхэд таван бүтэн цагийн ажилтантайгаар 26 байгууллагатай хамтран ажиллаж, олон төсөл санаачилсан. Ойрын хугацаанд бид судалгааны ажлаа хөдөө орон нутагт өргөжүүлэхээр бэлтгэж байна.
Хэрэгжүүлсэн төслүүдээс онцолбол манай https://breathemongolia.org/ цахим хуудсан дээр агаарын чанарын газрын зураг, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалах бодит зааврууд, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний интерактив зураг гэх мэт хэрэгтэй мэдээллийн сан бүрдсэн байгаа. Мөн бидний хийсэн хамтын ажиллагаа, мэдлэгийн сангийн agaarneg.mn гээд талбарт олон улсын, төрийн, ашгийн бус 43 байгууллага нэгдсэн.
Цэвэр агаар, уур амьсгалын чиглэлд бид олон төрлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тухайлбал Уур амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаарын залуучуудын хөтөлбөр, Цэвэр агаарын гарааны бизнес эрхлэгчид, Эх Дэлхийн сургууль, тогтвортой хөгжлийн Unleash хакатон, Green Dot Climate, Tomyo апп-тай хамтарсан уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын тэмцээн гэх мэт хөтөлбөрүүдээр дамжуулж 1,400 гаруй хүүхдүүдэд хүрч ажиллаад байна.
Бидний хамгийн хүний амьдралд ойр төсөл бол гэр хорооллын 35 айлын гэрийг дулаалж, нүүрс түлэхээс татгалзан цахилгаан халаагуур хэрэглэх боломжийг бүрдүүлсэн CHIP хөтөлбөр байв. Бүтэн жилийн турш сар бүр сургалт зохион байгуулж, орчны агаарын чанар болон хүүхдүүдийн эрүүл мэндийн өөрчлөлтийг хянасан. Энэхүү судалгааны үр дүнг олон улсын агаар мандлын конференцид танилцуулсан нь Монголын жишээ дэлхийн түвшинд хүрсэн тод жишээ юм.
Саяхан бид AQAI багтай хамтран хиймэл оюун ухааныг ашиглан, агаарын чанарын станцын тоо багатай газруудад мэдээллийг алгоритмаар нөхөж тооцох туршилтыг амжилттай хийж, Америкийн геофизикийн холбооны хуралд танилцуулсан. Энэ нь шинжлэх ухаан, технологийн шийдэл бодлогын түвшинд нэвтрэх боломжийг харуулсан алхам байлаа.
Агаарын бохирдлын талаар судлаад үзсэн чинь бидний эрх маш ноцтойгоор зөрчигдсөөр ирснийг мэдээд Нью-Йоркт амьдарч байсан ч гэсэн зүгээр сууж чадахгүй заавал нэг юм хийх ёстойг би ойлгосон
Энэ оны эхээр манай баг нийслэлийн утааны ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахад оролцож, 70 мянга гаруй гарын үсэг цуглуулсан. Дөрвөн өдрийн хэлэлцүүлэг, хоёр өдрийн нийтийн сонсголын үр дүнд парламент хоёр тогтоол баталж, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо дахин байгуулагдан, агаарын чанарын стандарт шинэчлэгдсэн. Бид сонсголын явцад гарсан бүх мэдээлэлд дүн шинжилгээ хийж, цуврал нийтлэлээр олон нийтэд хүргэн, шаардлага тавьж ажилласан.
Мөн 2024-2025 оны өвөл бид өрхийн дотоод орчны агаарын чанарыг нүүрс болон нарны эрчим хүч ашигласан хоёр нөхцөлд харьцуулсан бичил судалгаа хийж, нарны эрчим хүч рүү шилжих нь айл өрхийн эрүүл мэндэд үзүүлэх үр нөлөөг тод харуулсан.
- Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд гүнзгий оролцох болсон шалтгаан юу байв?
- Би Эрдэнэтэд өссөн. Манай аав ээж хоёр Эрдэнэтийн Уулын баяжуулах үйлдвэрт инженерээр насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан.
Манай аав тэтгэвэрт гарахаасаа өмнөхөн маш ховор тохиолддог хавдар туссан байсан. Би аавыгаа эмчлүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, тухайн хавдрын талаар судлахад хүнд металл болон цацраг идэвхт бодист их өртвөл тэр хавдрыг тусах магадлал өндөр байдгийг олж мэдсэн. Түүнээс хойш би орчны бохирдол, эрүүл хоргүй хоол хүнсний талаар мэдлэгээ нэмж аавыгаа эрүүл байлгахын тулд эх орныхоо хоол хүнс, орчны эрүүл мэндийн асуудлуудыг шийдэхэд хувь нэмрээ оруулахаар шийдсэн.
Мөн өвөл болгон хөө тортгоо хамар, чихнээсээ цэвэрлээд л гэрийнхээ тоосыг арчаад л явдаг байсан. Агаарын бохирдлын талаар судлаад үзсэн чинь бидний эрх маш ноцтойгоор зөрчигдсөөр ирснийг мэдээд Нью-Йоркт амьдарч байсан ч гэсэн зүгээр сууж чадахгүй заавал нэг юм хийх ёстойг би ойлгосон.
- Та “Breathe Mongolia – Clean Air Coalition”-ийг байгуулж, гадаадад суугаа монголчуудаа татан оролцуулжээ. Анх байгуулахдаа ямар зорилготой байсан бэ. Энэ хөдөлгөөн өнөөдөр ямар хэмжээнд хүрсэн гэж та дүгнэдэг вэ?
- Анх эхлүүлсэн зорилго огт өөрчлөгдөөгүй. Бид эх орныхоо хаана ч байсан цэвэр, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Бид энэ эрхийг хамгаалах, хүн бүр эдлэх боломжтой болгох зорилготой.
Манай байгууллагын хувьд урт хугацаанд тогтвортой, ил тод нээлттэй зарчмыг баримталж, бодлогын түвшинд иргэдийн дуу хоолойг хүргэж тууштай ажиллах иргэний нийгмийн байгууллага болсон гэж бодож байна.
Техник технологийн шинэчлэл дэлхийн бусад орнуудад хангалттай байгаа. Монголд ч гэсэн энэ бүгдийг эхнээс нь хэрэгжүүлээд эхэлж байна. Хамгийн гол нь энэ бүгдийг бодлогын түвшинд урт хугацаанд төлөвлөн, бодит өгөгдөл дээр тулгуурлаж тооцоолж тогтвортойгоор, үе шаттайгаар хэрэгжүүлэх засаглал, захиргааны бүтэц байх хэрэгтэй
Мөн миний хувьд аливаа улсын иргэд өөрсдөө идэвхтэй, мэдлэгтэй байх нь хамгийн чухал гэж үздэг. Хүн бүр салбарынхаа хүрээнд бие биеэ ойлгуулж, өдөр тутмын яриандаа уур амьсгалын асуудлыг оруулж чадвал бизнесүүд, хүүхдүүд, улстөрчид бүгд уур амьсгалын өөрчлөлтийн боловсролтой болно.
Тийм учраас бүх хүнд хамаатай энэ амин чухал сэдвийг маш олон өнцгөөс олон нийтэд төрөл бүрийн сувгуудаар тогтмол мэдээлэл, мэдлэг өгөх хэрэгтэй. АНУ-ын Солонгос уртын дуу судлаач Сүнмин Юүн Вашингтон ДиСид Монгол судлалын хурал дээр судалгааныхаа ажлыг танилцуулж байсан. Тэрбээр хэлэхдээ Монголын өв уламжлагч нар хүртэл эдийн засгийн хүнд нөхцөл, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнөөс болж төрж өссөн нутгаасаа нүүж, нүүдэлчин ахуйгаасаа холдож Улаанбаатарт цуглаж утаанд хордон эрт нас барцгааж байна гэсэн.
Уушги муутай, бронхит, зүрх судасны өвчтэй хүн сайн уртын дуу дуулж, хөөмийлж, биелж чадахгүй шүү дээ! Би Хөсөгтөн хамтлагийн хөөмийч морин хуурч Батзориг ахыг сүүлийн 4-5 жил олон улсын зах зээл дээр амжилт үзүүлэхэд нь дэмжиж ирсэн. Түүний уугуул нутаг Баянхонгор аймгийн агаарын бохирдол заримдаа Улаанбаатарынхаас ч муу.
Бид агаарын чанарыг өгөгдлийг нь шинжлэхэд Баянхонгор хотын оршин суугчид жилд дунджаар 284 өдөр бохир агаараар, 81-хэн өдөр хэвийн агаараар амьсгалж байсан. Ялангуяа хүйтний улиралд буюу 10-3 сард нэг ч өдөр хэвийн агаараар амьсгалж чадахгүй байсан.
- Улаанбаатарын агаарын бохирдол дэлхийн хамгийн хүнд асуудлуудын нэг гэдгийг та онцолсон. Монголд болон олон улсад ажиллаж, судалж байхдаа та ямар шинэ ойлголт, инновацын мэдлэг, сургамж авсан бэ. Тэдгээр сургамжуудаас Монголд хэрэгжүүлэх боломжтой нь юу байна вэ?
- Одоогийн байдлаар миний ажиглаж, судалснаар агаарын бохирдлыг шийдэх дулаалга, пассив эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, цахилгаан нийтийн тээвэр, санхүүгийн хөшүүргүүд, сэргээгдэх эрчим хүч гээд техник технологийн шинэчлэл дэлхийн бусад орнуудад хангалттай байгаа. Монголд ч гэсэн энэ бүгдийг эхнээс нь хэрэгжүүлээд эхэлж байна. Хамгийн гол нь энэ бүгдийг бодлогын түвшинд урт хугацаанд төлөвлөн, бодит өгөгдөл дээр тулгуурлаж тооцоолж тогтвортойгоор, үе шаттайгаар хэрэгжүүлэх засаглал, захиргааны бүтэц байх хэрэгтэй.
Жишээ нь Калифорни мужийн Агаарын бохирдлыг зохицуулдаг Bay Area Air District, California Air Resources Board агентлагууд нь улс төрөөс аль болох бага хамааралтай, бие даасан байдаг. California Air Resources Board нь машин тэрэг гэх мэт хөдөлгөөнт бохирдуулагч, хүлэмжийн хий ялгарлыг зохицуулдаг байхад Bay Area Air District нь нүүрсэн цахилгаан станц, дизель мотор гэх мэт суурин бохирдуулагчийг зохицуулдаг өөрийн гэсэн бие даасан удирдах зөвлөлтэй, олон нийтийн төлөөлөгчтэй, эрдэмтэд, инженерүүд, бодлогын шинжээч, техникч, байцаагч гэх мэт салбарын мэргэжилтнүүд удирддаг.
Тэд бүх үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй явуулж бохирдуулагч бодис болгон дээр тусад нь 5-8 жилийн төлөвлөгөөний дагуу ажилладаг. АНУ-ын ерөнхийлөгч солигдоод агаарын бохирдол нэмэгдүүлэх бодлого гаргасан ч эдгээр байгууллагууд нь эсэргүүцэн цэвэр агаарын ажлаа тууштай хийсээр л байдаг. Бид Монголд ч гэсэн ийм тогтвортой, бие даасан, залгамж халаатай тогтолцоо, засаглалыг үүсгэхийн тулд ажиллаж байна.
- Та удахгүй Монголд болох Climate Reality-ийн манлайлагч бэлтгэх сургалтад хамрагдсан талаараа дурдсан. Энэхүү сургалт танд ямар шинэ мэдлэг, урам зориг өгсөн бэ? Авсан туршлагаа Монгол дахь ажлаа хэрэгжүүлэхэд хэрхэн ашиглаж байна вэ?
- Энэ сургалтаар би уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг бий болгож буй хүмүүс болон корпорацын хэт ашиг хөөсөн шийдвэрүүд, бусад нөлөөлж буй хүчин зүйлс, байгаль орчны шинжлэх ухааны үндэслэлтэй олон тоо баримттай танилцсан. Хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулахын тулд бид нэн яаралтайгаар уур амьсгалын бохирдуулагч бодисууд болох метан, хар нүүрстөрөгч/хөөний (black carbon) ялгарлыг эрчимтэй бууруулах, зогсоох болон биологийн төрөл зүйлийн алдагдлыг зогсоох хэрэгтэй. Тиймээс байгаль орчин, ан амьтан, шавж хорхой, ургамлын төрөл зүйлийг хамгаалж илүү цэвэр эрчим хүчний шилжилтийг дэлхий даяараа салбар болгонд хийх хэрэгтэйг ойлгосон.
Мөн хөгжингүй орнуудын улс төрчдийн ашиг сонирхлын зөрчлөөс үүдэлтэй нийгэм, байгаль орчны тэгш бус байдал, хүлэмжийн хий болон агаар бохирдуулагч бодисын ялгарлын сөрөг нөлөөг хөгжиж буй орнууд хүн ам, эдийн засаг, дэд бүтцээрээ төлж байгааг ойлгосон.
Жишээлбэл Конго улсад сэргээгдэх эрчим хүчний технологийг нэмэхэд шаардлагатай байгалийн баялгийг олборлохдоо хөдөлмөрийн мөлжлөг, хүүхдийн ажил эрхлэлтийг хориглож, хангалттай цалин, эрүүл аюулгүй орчинд ажиллуулах ёстой. Европын орнууд сэргээгдэх эрчим хүч рүү шилжиж байгаа ч Африкийн орнуудад үүний улмаас дайн, хүний эрхийн ноцтой зөрчил үүсэх ёсгүй.
- Цаашид та уур амьсгал, байгаль орчны чиглэлээр ямар шинэ санаачилга хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ. Энэ үйл явцад Монголын залуус болон иргэд ямар үүрэг гүйцэтгэнэ гэж та харж байна вэ?
- Хүн төрөлхтөн байгалийн нэг хэсэг болохоос байгалийг удирддаг нэгэн биш. Гэвч одоогийн эдийн засаг, хөгжлийн бодлогын хандлага эх дэлхий, байгаль орчин өөрийн төрөлхийн үнэ цэнгүй, зөвхөн ашиглаж, олборлоход л хэрэгтэй зүйл шиг ханддаг. Цаашид бидний хэрэгжүүлэх ажлууд энэ суурь хандлагыг өөрчлөхтэй холбоотой байх болно.
Жишээ нь бодлогын нөлөөлөл чиглэлийнхээ хүрээнд агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр гарч байгаа бодлогын шийдвэрүүдийн цаадах үндэслэл дээр суурилан хараат бусаар хяналт тавьж, тухайн шийдвэр бүр дээр иргэний нийгмийн дуу хоолой, саналыг тусгахаар ажиллана. Бид удахгүй цахим бодлогын цаглавраа ашиглалтад оруулж уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолтой холбоотой бүх баримт бичгүүд, тогтоол, шийдвэр, мэдээг эх үүсвэртэй нь нэг цэгээс авах боломжтой болно. Үүгээр бид асуудлыг шийдвэрлэх гэж ажиллаж байгаа оролцогч талууд маш хурдан нөхцөл байдалтай танилцан залгамж халаатай ажиллахад нь нэмэр болно.
Энэ бүх ажилд иргэдийн, тэр дундаа хүүхэд, залуучуудыг оролцоо маш чухал бөгөөд шаардлагатай. Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол болон бусад байгаль орчны асуудлыг шийдэхэд хамгийн аюултай зүйл бол хайхрамжгүй байдал.
Тиймээс та бүгдийг өөрсдийнхөө эрхийн төлөө дуугарч, мэдлэгтэй болох бүх боломжоо ашиглан The Reality Tour сургалтад амжин хамрагдаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл hello@breathemongolia.org хаяг имэйл бичнэ үү. Та дэлхийн хаана ч байсан чаддаг зүйлсээрээ асуудлын шийдэл болох боломжтойг бүү мартаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!