Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

"The Huns" баг Азийн аварга шалгаруулах "eXTREMESLAND 2025" тэмцээнд оролцох эрх авлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: MESA - Mongolian Esports Association

Counter Strike-2 (CS2) тоглоомын Ази тивийн аварга шалгаруулах гэж болохуйц "eXTREMESLAND 2025" тэмцээнд арванхоёрдугаар сарын 18-21-нд Хятадын Шанхай хотноо зохион байгуулагдана. 

150,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох багийг сонгох шалгаруулалт өчигдөр болж, "The Huns Esports" баг түрүүллээ. 

Тэд аваргын төлөө өнгөрсөн зургаадугаар сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон "Chinggis Warriors" багтай "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 2:1-ээр ялалт байгуулав.

Өчигдрийн тоглолтод "The Huns Esports" баг өөрийн сонгосон "Inferno map" дээр 7:13 тооны харьцаатай ялагдсан бол "Chinggis Warriors" багийн сонгосон "Overpass map" дээр 13:7-оор хожлоо. Үргэлжлүүлэн шийдвэрлэх "Nuke map" дээр 13:9-ээр "The Huns Esports" баг ялалт байгууллаа. 

Ийнхүү "The Huns" баг 150,000 ам.долларын шагналын сантай "eXTREMESLAND 2025" тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор болж байна. "The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд "nin9" буюу Г.Есөнтөмөр, "Bart4k" буюу Б.Баатархүү, "cobrazera" У.Анарбилэг, "xerolte" Э.Мөнхтогтох, "skOR" буюу Б.Тэнгис нар байгаа юм.

Хамгийн сүүлд "eXTREMESLAND 2023" тэмцээнд манай улсын "The MongolZ" аваргын цом өргөж, 25 мянган ам.долларын шагнал авч байлаа.