Америкийн хуульч Марк Закербэрг технологийн салбарын тэрбумтантай ижил нэртэй болсныхоо төлөө хохирч байгаа асуудлаар шүүхэд гомдол гаргажээ.
АНУ-ын Индиана мужийн дампуурлын хуульч Марк Стивен Закербэрг өөрийн бизнесийг Фэйсбүүк платформоор сурталчлахад олон мянган доллар зарцуулсан ч Мета компани үүнийг өөрийнх нь үүсгэн байгуулагчийн нэрийг ашиглах оролдлого гэж үзээд олон удаа хааж байсан гэнэ.
Үүнээс гадна дэлхийн гурав дахь баян хүнтэй ижил нэртэй болсныхоо төлөө маш олон сүрдүүлэг, заналхийлэл хүлээн авч, техникийн тусламж авах гэсэн утасны дуудлагад байнга дарагддаг тухайгаа хуульч шүүхэд гаргасан гомдолдоо мэдүүлжээ.
Тэрбээр Марк Закербэрг гэдэг нэрийг Метагийн үүсгэн байгуулагчаас “хамаагүй өмнө авсан” тул ингэж хэлмэгдэх ёсгүй гэж үзэж байгаагаа орон нутгийн хэвлэлд ярьсан байна.
Фэйсбүүкийн сурталчилгаанд $11,000 гаруйг зарцуулсан ч хувийн болон бизнесийн хуудсыг нь Мета компани “алдартны дүрд хувирах” оролдлого гэсэн үндэслэлээр удаа дараа устгаж байжээ.
“Би тэдэнтэй зөрчилдөхгүй байх хүсэлтэй ч тэднийг хэрхэн зогсоохоо мэдэхгүй байна. Би тэдний анхаарлыг яаж өөртөө татахаа мэдэхгүй байна” гэж ноён Закербэрг ярьсан байна.
Тэрбээр нэрийн давхцал хэрхэн амьдралд нь нөлөөлснийг цахим хуудсанд цаг хугацааны дарааллаар тэмдэглэдэг ажээ.
Тэр нэг удаа Вашингтон мужийн шүүхэд ижил нэртийнхээ өмнөөс дуудагдсан тухай, асар олон мэдэгдэл ирдэг тул шөнө бүр утсаа унтраадаг, өдөр бүр 100 гаруй найзын хүсэлт хүлээн авдаг, үйлчилгээ бараа захиалахдаа өөр хуурамч нэр ашиглахгүй бол тоглоом наргиа хийж байна гээд итгэдэггүй тухай бичсэн байна.
Нэг удаа Лас-Вегаст очихдоо машинаар тосуулахад өөрийнх нь нэртэй самбар барьсан жолоочийг Метагийн үүсгэн байгуулагчийг харах гэсэн олон хүн хүрээлсэн байсныг бас дурджээ.
Ноён Закербэргийг 38 жилийн өмнө хуульчаар ажиллаж эхлэхэд тэрбумтан амьдаа нь гурван настай байсан байна.
Тэрбээр Метагийн тэрбумтан өөрийг нь хувийн дарвуулт онгоцон дээрээ долоо хоног амрахыг зөвшөөрч, уучлал гуйвал гомдлоо татаж, сэтгэл хангалуун үлдэх тухайгаа хошигнон ярьжээ.
Эх сурвалж: Telegraph
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!