АНУ-ын иргэдийг хууль бусаар саатуулсан улс орнуудын эсрэг авах шийтгэлийн арга хэмжээний тухай захирамжид ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зуржээ.
Ийм улс орнуудыг төрийн департамент “хууль бус баривчилгааг ивээн тэтгэгч улс” гэсэн шинэ ангилалд оруулснаар тэдний эсрэг янз бүрийн хориг арга хэмжээ авах боломж нээгдэх юм байна.
Цагаан ордон дээрх захирамжийг “АНУ-ын иргэдийг гадаадад хууль бусаар саатуулагдахаас хамгаалах зорилготой” гэж тайлбарлажээ.
АНУ-ын засаг захиргаа гадаадад хоригдож буй иргэдийнхээ тоо баримтыг зарладаггүй.
2024 онд дэлхийн 17 улсад 54 америк хүн хоригдож байсан тухай “The Foley Foundation” байгууллага мэдээлсэн байдаг.
Хариу арга хэмжээ нь эдийн засгийн болон визийн хориг арга хэмжээ авах, гадаад тусламжийг хязгаарлах, АНУ-ын иргэдэд зорчихгүй байхыг анхааруулах зэрэг шийтгэлүүд байхыг төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мэдээлжээ.
“Америк хүнийг наймааны хэрэгсэл болгон ашигласан хэн ч үүнийхээ шийтгэлийг хүлээнэ” гэж тэр анхааруулсан байна.
Захирамж нь улс орнуудаас гадна их хэмжээний газар нутагт хяналтаа тогтоосон төрийн бус этгээдүүдийг хамарч байгааг Цагаан ордон нэмж тайлбарлажээ.
Өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгч Трамп гадаадад баривчлагдсан 72 америк хүнийг суллуулж чадсаныг бас мэдээлсэн байна.
Тэдгээрийн дотор Оросын шоронд зүй бусаар хоригдож байсан багш Марк Фогел, Афганистаны талибанчуудын гарт хоёр жил гаруй хугацаанд хоригдож байсан Жорж Глезманн нар багтжээ.
2024 оны байдлаар гадаадад хоригдож буй америкчуудын 83 хувь нь хууль бусаар саатуулагдсан байсныг Исламын Улс байгууллагын террористуудын гарт алагдсан сэтгүүлч Жэймс Фолигийн нэрэмжит “The Foley Foundation” сан мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!