Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төв телевиз урт наслалтын тухай Ши, Путин нарын ярианы бичлэгийг устгахыг шаарджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн Лхагва гарагт Бээжин хотноо зохион байгуулагдсан дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаалын өмнө Хятад, Оросын ерөнхийлөгч нар урт наслалтын талаар ярилцаж байгаа нь Хятадын төв телевизийн шууд дамжуулалтын үеэр санамсаргүй сонсогдсон юм.

Тэдний ярианы дөрвөн минутын урттай бичлэгийг олон улсын мэдээний Ройтерс агентлаг өөрийн сувгаар дэлхий нийтэд тарааж байв.

Тэгвэл CCTV (China Central Television) суваг уг бичлэгийг устгахыг шаардсан тухай Ройтерс өчигдөр мэдээлжээ.

CCTV сувгийн хуулийн хэлтэс Ройтерс агентлагийг “шууд дамжуулалтыг нь ашиглах эрхийг зөрчиж, баримт, мэдээллийг илт гуйвуулсан” гэж буруутгасан байна.

Ройтерс шаардлагын дагуу бичлэгээ устгасан ч өөрийгөө буруу зүйл хийгээгүй гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгджээ.

“Бид нийтэлсэн материалаа сайтар нягталж үзээд олон жилийн турш мөрдөж ирсэн үнэн зөв мэдээлэл түгээх сэтгүүл зүйн зарчмаа зөрчсөн гэх үндэслэл олоогүй” гэж тус агентлаг мэдэгдсэн байна.

Дээрх бичлэгт Ши Жиньпин “Өмнө нь хүмүүс 70 наслах ховор байсан. Харин одоо 70 настныг залууд тооцдог болсон” гэж ярьж байв.

Хариуд нь Путин орчин үеийн биотехнологи, эрхтэн шилжүүлэх мэс заслын арга хөгжсөнөөр ирээдүйд хүмүүс мөнх насалдаг болж магадгүйг хэлжээ.

Үүнд Ши “энэ зууны сүүлээр хүмүүс 150 насалдаг болох таамаг бий” гэж хариулсан байна.

Сүүлд Бээжингээс буцахынхаа өмнө зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр Путин ийм яриа болсныг баталсан юм.

Путин ирэх сард 73 нас хүрнэ. Тэрбээр сүүлийн 25 жил Оросыг удирдаж байгаа бөгөөд 2036 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллах боломжоо баталгаажуулаад байгаа.

Оросын зарим эх сурвалжууд Путиний ойрын хүрээлэл дотор урт наслалт, хөгшрөлтийн эсрэг тэмцэх судалгааны ажил явагдаж байгааг баталсан байна.

Энэ ажлыг Курчатовын Хүрээлэнгийн ерөнхийлөгч, Путиний эртний найз, 78 настай Михаил Ковальчук голлон удирдаж байгаа тухай Медуза сайт олж мэдээлжээ.

Тэрбээр бас Путиний ууган охин Мария Воронцовагийн оролцож буй генетикийн судалгааны төслийг удирддаг гэсэн мэдээлэл байна.

 

Эх сурвалж: Reuters