Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн нисэх онгоцнуудыг устгахаар Трамп сүрдүүлсний дараа Мадуро яриа хэлэлцээ эхлүүлэх санал гаргав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн турш АНУ, Венесуэлийн харилцаанд хурцадмал байдал үргэлжилж байна.

АНУ-ын байлдааны хөлгүүд хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдтэй тэмцэх зорилгоор Карибын тэнгисийн өмнөд хэсэг, Венесуэлийн эргээс холгүй ирж байрласнаар асуудал эхэлсэн юм.

Мягмар гарагт тэд хар тамхи тээвэрлэн Венесуэлийн эргээс хөдөлсөн завийг буудаж устгахад 11 хүний амь үрэгджээ.

Уг завь Венесуэлийн “Трен де Арагуа” нэртэй картелын өмч байсныг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлд баталсан юм.

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог бас уг байгууллагатай холбоотой гэж АНУ үзэж байна.

Дараа нь Пүрэв гарагт Венесуэлийн F-16 байлдааны нисэх онгоцнууд АНУ-ын тэнгисийн хөлгүүдийн дээгүүр хоёр удаа ниссэнийг Пентагон мэдээлжээ.

Тэдгээрийн ойртсон зай нь зэвсгийн тусгал хүрэх хэмжээнд байсан бөгөөд Пентагон үүнийг “ноцтой өдөөн хатгалга” гэж анхааруулсан байна.

Маргааш нь буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Трамп дээрх онгоцнуудыг дахин ойртвол буудаж унагахаар сүрдүүлжээ.

“Тэд энэ үйлдлээ давтвал асуудалд орно. Хэрвээ дахин аюултай байрлалд нисвэл та эсвэл танай командлагч нар хүссэн зүйлээ хийх боломжтой” гэж тэр дэргэд нь байсан Пентагоны тэргүүн Пит Хэгсэт, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Дэн Кэйн нарт хандаж хэлсэн юм.

Үүнээс хойш хэдхэн цагийн дараа Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро телевизээр үг хэлэхдээ “Бид мөргөлдөөнд хүргэх зүйл хийх хүсэлгүй. Венесуэл улс үргэлж яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байдаг. Гэхдээ бид бас хүндэтгэлтэй харилцааг хүсдэг” гэж мэдэгджээ.

Ингэхдээ тэр бас Венесуэлийг болон өөрийг нь хар тамхины наймаатай холбон буруутгаж байгаа АНУ-ын байр суурийг няцаасан юм.

“Тэдний түүнд (Трамп) өгсөн тагнуулын мэдээлэл худлаа. Өнөөдөр Венесуэл улс кока навчны тариалан болон кокаинаас бүрэн ангижирсан, хар тамхины наймаатай тэмцдэг улс болсон” гэж Мадуро хэлжээ.

Венесуэл улсын агаарын зэвсэгт хүчин 1980-аад оны үед АНУ-аас худалдаж авсан 15 ширхэг F-16 сөнөөгч онгоц болон Оросын хэд хэдэн байлдааны нисэх онгоц, нисдэг тэрэгнээс бүрддэг гэдэг.

Саяхан АНУ-ын Карибын тэнгис дэх нутаг дэвсгэр Пуэрто Рико аралд орчин үеийн F-35 сөнөөгч онгоцнууд ирж байрласныг Вашингтоны нэрээ нууцалсан албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Энэ нь АНУ хар тамхины гэмт хэргийн эсрэг хууль сахиулах ажиллагаандаа зэвсэгт хүчнийг ашиглаж буй ховор үзэгдэл цаашид үргэлжлэх төлөвтэйг харуулж байна.

Мадуро энэ ажиллагааны цаана Венесуэлийн засгийн эрхийг булаах төлөвлөгөө нуугдаж байж болзошгүй хэмээн болгоомжилж, Карибын тэнгисийн эрэг дагуу нутагтаа цэрэг, зэвсгийн хүчээ төвлөрүүлээд байгаа юм.

 

Эх сурвалж: AFP