Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун бугуйндаа швейцар цагтай, дүү нь гартаа Dior брэндийн цүнхтэй Бээжинд иржээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, түүний охин дүү Ким Ёо Жон нар энэ долоо хоногт Бээжинд айлчлахдаа олон улсын хоригийг зөрчиж, Европын үнэтэй брэндүүдээр гангарсан нь анхаарал татаж байна.

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй тэврэлдэн уулзахдаа Ким Жон Ун бугуйндаа Швейцарын үйлдвэрийн IWC Schaffhausen Portofino Automatic цагийг зүүсэн байсныг шинжээчид тогтоожээ.

Энэ цагны зах зээлийн үнэ $14,100 болохыг компанийнх нь вэб сайт харуулж байна.

2023 оны есдүгээр сард ОХУ-д айлчлахдаа Ким Жон Ун бас ийм цаг зүүсэн байсан юм.

зураг
 

Кимийн охин дүү Ким Ёо Жон сая бас хурганы арьсаар урласан $7,500 гаруй үнэтэй Lady Dior брэндийн хар өнгийн гар цүнх барьсан нь хэвлэлийн дуранд өртжээ.

Тэр 2023 онд ахыгаа дагалдаж ОХУ-д очихдоо мөн ийм цүнх барьж байсан юм.

Тэдний энэ тансаглал Умард Солонгосын коммунист үзэл суртлын эсрэг байгаа нь анхаарал татаж байна.

Пёняны эрх баригчид гадаадын тансаг эдлэлийг “хөрөнгөтний соёлын бэлгэдэл” хэмээн буруушааж, хэрэглэсэн иргэдээ хатуу шийтгэдэг юм.

Гэсэн хэдий ч Кимийн гэр бүлийнхэн болон бусад элитүүд хөрөнгөтөн нийгмийн тансаг эд зүйлсээр гоёсон хэвээр байна.

Саяхан Ким Жон Ун үерийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагтаа Мерседес Бенцийн Maybach SUV ангиллын автомашинтай очиж байв.

Даваа гарагт Пёнянаас тусгай хуягт галт тэргээр гарсан Ким Жон Ун маргааш нь дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Бээжинд хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр Путин, Ши Жиньпин нартай уулзсаныхаа дараа Пүрэв гарагт нутгийн зүг жолоо залжээ.

 

Эх сурвалж: NK News