Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн бизнесийн зорилтуудыг биелүүлж чадвал Илон Маск $1 их наядын шагнал авна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Ирэх арван жилийн хугацаанд тавьсан бизнесийн томоохон зорилтуудыг биелүүлж чадвал Илон Маск нэг их наяд ам.долларын шагнал авахаар болсныг Тесла компанийн төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр мэдээлжээ.

Гэхдээ цахилгаан автомашин үйлдвэрлэгчийн тавьсан зорилтууд маш өндөр юм байна.

Тухайлбал Теслагийн зах зээлийн үнэлгээг одоогийнхоос найм дахин өсгөж, нэг сая хиймэл оюунт робот зарж, 12 сая автомашин зарж, бусад хэд хэдэн зорилтуудыг биелүүлсэн тохиолдолд гүйцэтгэх захирал Илон Маск ийм өндөр шагнал авах ажээ.

Энэ хугацаанд тэр цалин урамшуулал авахгүй, зорилтуудын биелэлтээс хамаарч явцын дунд нийт $1 их наядын үнэ хүрэх Теслагийн хувьцааг эзэмших юм байна.

Уг саналыг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл санаачилсан бөгөөд хөрөнгө оруулагчдын санал хураалтаар эцэслэн батлах ажээ.

“Өнөөдөр боломжгүй мэт харагдаж байгаа өсөлтийг шинэ санаа, шилдэг технологи, илүү их инновац ашиглан бий болгох боломжтой. Энгийнээр хэлэхэд Илоныг авч үлдэж, урамшуулах нь Теслаг эдгээр зорилтуудад хүрч, түүхэнд хамгийн өндөр үнэлгээтэй компани болгох гол түлхүүр юм” гэж төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Робин Дэнхолм хэлсэн байна.

Өнгөрсөн сард Илон Маск $29 тэрбумын шагналыг хувьцаа хэлбэрээр Теслагаас авсан юм. Анх энэ шагналын хэмжээ $50 тэрбум байсан ч АНУ-ын шүүх “бусад хувь эзэмшигчдэд шударга бус” гэсэн үндэслэлээр бууруулж байжээ.

Сая санал болгосон шагнал нь 12 үе шатаас бүрдэх юм байна.

Тухайлбал эхний шат нь Теслагийн зах зээлийн үнэлгээг хоёр дахин өсгөж, $2 их наядад хүргэх гэнэ.

Эцсийн дүндээ энэ үнэлгээ $8.5 их наядад хүрэх ёстой ажээ. Энэ нь өнөөдөр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид тооцогдож буй хагас дамжуулагчийн Nvidia компанийнхаас хоёр гаруй дахин өндөр гэсэн үг.

Гэхдээ сүүлийн үед Тесла компанийн бизнесийн үр дүн Илон Маскийн нэр хүндээс хамааран муудсаар байгаа. Борлуулалт нь энэ он гарснаас хойш сүүлийн арван жилд байгаагүй хэмжээгээр буурч байна.

Тиймээс зарим шинжээчид үүнийг итгэл үнэмшил муутай гэж дүгнэжээ.

“Маск давуу талаа алдсан, өрсөлдөгчид нь гүйцэж түрүүлсэн, бизнесээс гадуурх үйл ажиллагаанаас нь болоод Теслагийн нэр хүнд унасан. Ийм тохиолдолд Маск ажлын байрандаа үлдэхийн төлөө тэмцэх ёстой болохоос удирдах зөвлөл Маскийг авч үлдэхийн төлөө тэмцэх юм гэж үү?” гэж AJ Bell компанийн хөрөнгө оруулалтын шинжээч Дэн Котсворт хэлж байна.

Тавдугаар сард Тесла компанийн удирдах зөвлөл Маскийг солихоор шийдэж, орлох хүн хайж байгаа тухай Wall Street Journal сонин мэдээлж байв.

Тухайн үед Тесла үүнийг эрс үгүйсгэж байсан юм.

 

Эх сурвалж: BBC