Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Украинд ирсэн Өрнөдийн цэрэг бүр Оросын хууль ёсны бай болохыг Путин анхааруулав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон дайны галыг зогсоосны дараа аюулгүй байдлын баталгааг хангах зорилгоор Өрнөдийн 26 улс цэргийн хүчээ Украинд илгээхээр тохиролцсон тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Владивосток хотноо эдийн засгийн чуулганд оролцож буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгджээ.

Энэ нь НАТО-гийн тэлэлтийг өөрийн хилд хүргэхгүй байх Москвагийн олон жилийн өмнөөс баримталж ирсэн бодлоготой зөрчилдөх гэнэ.

“Тиймээс, ялангуяа одоо үргэлжилж буй цэргийн тусгай ажиллагааны үеэр гарч ирсэн цэргүүдийг бид хууль ёсны устгах бай гэж үзэх болно” гэж Путин хэлжээ.

Одоогоор АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох хүчин чармайлт гаргаж байгаа бол Европын удирдагчид гал зогссоны дараа Украины аюулгүй байдлыг баталгаажуулах арга замыг судалж байгаа.

Пүрэв гарагт Парис хотод чуулсан 35 улсын удирдагчид энэ талаар хэлэлцсэн юм.

Энэ үеэр Герман, Испани, Итали зэрэг улсууд Украинд цэргийн хүчээ илгээх амлалт өгөхөөс татгалзжээ.

АНУ-ын засаг захиргаа уг ажиллагаанд агаарын хүчээр дэмжиж оролцох магадлалтай байгаа. Ойрын өдрүүдэд ерөнхийлөгч Дональд Трамптай энэ талаар тохиролцоонд хүрэхийг Макрон амласан юм.

Өчигдөр Украины Ужгород хотод үг хэлэхдээ ерөнхийлөгч Володимир Зеленский “Бид энэ бүх асуудлыг хэлэлцэж байгаа нь маш чухал юм. Цэргийн тоо цөөн биш, хэдэн мянгаар яригдаж байгаа” гэж мэдэгджээ.

Зеленскийн хувьд дайныг зогсоох асуудлаар Путинтэй уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсээр байгаа.

Харин Кремль ийм уулзалтыг зохион байгуулах урьдчилсан нөхцөл хараахан бүрдээгүй гэсэн байр суурь илэрхийлж байна.

Өчигдөр ярихдаа Путин энхийн гэрээг Украинтай байгуулах “бараг боломжгүй” гэж хэлсэн нь Трампын хүчин чармайлтад том цохилт боллоо.

Гэхдээ тэр Зеленский хэрвээ Москвад хүрэлцэн ирвэл уулзахад бэлэн байгаагаа “Би бэлэн байна. Хүрээд ирээрэй. Бид уулзалтын орчин нөхцөл, аюулгүй байдлыг 100 хувь баталгаажуулна” гэж илэрхийлсэн байна.

Харин Зеленский өчигдөр энэ талаар “Бид ямар ч төрлийн уулзалтад бэлэн байгаа. Гэхдээ Путин энэ дайныг дуусгах хүсэл сонирхолгүй байгааг бид харж байна” гэж хэлжээ.

 

Эх сурвалж: Reuters