Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Аминэ: Тэтгэлэг нь боломжийн хаалгыг нээдэг ч сургуулийн чанар, хөтөлбөрийн үнэ цэн урт хугацаанд илүү чухал

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Гадаадын их, дээд сургуулиудын ирэх хичээлийн жилийн бүртгэлийн цонх нээгдэхэд хэдхэн сар үлджээ. Хүссэн мэргэжлээрээ тэтгэлэгтэйгээр суралцахаар зорьж буй олон хүний хувьд хамгийн чухал үе нь үргэлжилж байна. 

Тэтгэлэгт хэрхэн бэлдэх вэ, материал илгээхдээ юуг анхаарах вэ гээд асуулт олон. Тэгвэл яг одоо материалаа бэлдэж буй болон ирээдүйд тэтгэлгээр суралцахаар зорьж буй хүмүүст зориулан бакалавр болон магистрын түвшинд тэтгэлэгтэйгээр суралцан өөрийн старт-ап компанийг амжилттай ажиллуулж буй Х.Аминэтэй ярилцсанаа хүргэе. 

Тэрбээр тун удахгүй хоёр дахь магистрын хөтөлбөртөө Кембрижид тэтгэлгээр сурахаар явах гэж буй юм.

- Сайн байна уу, өөрийгөө танилцуулна уу. Ерөнхий боловсролын сургуулиа хаана төгссөн бэ?

- Баярлалаа, энэ боломжийг олгосонд. Намайг Х.Аминэ гэдэг. Би Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймагт өсөж, Монгол-Туркийн ахлах сургуулийг төгссөн. Тэр үеэс эхлэн олон улсын боловсролд хүрэх мөрөөдөл минь улам хүчтэй болсон. Хүүхэд насандаа алслагдсан газарт амьдарч байсан маань миний хүсэл тэмүүллийг улам тодруулсан гэж боддог. Тэр хүсэл эрмэлзэл намайг эхлээд Боснид, дараа нь Турк, Францад, харин одоо Кембрижид суралцахад хөтөлсөн.

- Бакалаврын түвшинд суралцахдаа тэтгэлгээр суралцсан гэж сонссон. Аль улсад ямар мэргэжлээр сурсан бэ. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид бакалаврт сурахдаа сургуулиа чухалчилж сонгох уу, эсвэл тэтгэлгийн хэмжээг чухалчлах хэрэгтэй юу?

- Би бакалаврын түвшинд Босни ба Херцеговинд байрлах "International Burch University"-д 100 хувийн тэтгэлгээр Менежмент болон Мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан. Энэ сонголт надад маш чухал байсан. Учир нь зөвхөн санхүүгийн дэмжлэг авахаас гадна тухайн сургуулийн хөтөлбөр, багш нарын түвшин, олон улсын орчин бүгд ирээдүйн замналд маань онцгой нөлөө үзүүлнэ гэдгийг ойлгосон.

Миний өгөх зөвлөгөө бол тэтгэлэг нь боломжийн хаалгыг нээдэг ч сургуулийн чанар, хөтөлбөрийн үнэ цэн урт хугацаанд илүү чухал гэдгийг мартаж болохгүй. Зарим оюутан тэтгэлэгтэй бол хаана ч явж болно гэж боддог ч үнэндээ таны ирээдүйн карьер, зорилготойгоо нийцсэн сургуулийг сонгох нь хамгийн зөв шийдвэр юм.

- Тэтгэлэгтэй суралцсанаараа хүнд ямар давуу талууд үүсдэг гэж бодож байна вэ. Нийгэмд эзлэх байр суурь, ажилд ороход ч мөн тэтгэлгээр сурсан гэдэг нь давуу тал болох боломжтой юу?

- Тэтгэлэг гэдэг бол зөвхөн мөнгө хэмнэх хэрэгсэл биш. Энэ бол нийгмийн итгэл, өөрийн хариуцлага, сахилга бат юм.

Тэтгэлэг авсан гэдэг нь таныг олон шатны хатуу шалгуур давсан, бусдаас ялгарч чадсан гэдгийг баталдаг. Ажил олгогчийн хувьд ч энэ бол тодорхой дохио. Тэд таныг батлагдсан потенциалтай, эрсдэл багатай кандидат гэж хардаг.

Нөгөө талаас тэтгэлэг нь танд олон улсын сүлжээ, бусад тэтгэлэг авсан оюутнуудтай харилцах, ментортой холбогдох маш том боломж олгодог. Энэ нь таныг зөвхөн нэг оюутан бус, харин дэлхийд өөрийн байр суурьтай иргэн болгон төлөвшүүлдэг.

- Тун удахгүй магистрын түвшинд Британи улсад суралцахаар явах гэж байгаа гэж сонссон. Магистрын түвшинд ямар чиглэлээр суралцах вэ. Кембрижид тэтгэлгээр суралцахаар болсон түүхээ хуваалцана уу?

- Би энэ оны тавдугаар сард Кембрижийн их сургуулиас “MSt in Entrepreneurship” хөтөлбөрт суралцах санал авсан. Энэ нь миний хоёр дахь магистр болно. Өмнө нь Турк болон Францад мөн тэтгэлгээр магистрын зэрэг хамгаалсан.

Кембрижийн шалгаруулалт маш өрсөлдөөнтэй, олон шат дамжлагатай байлаа. Эхлээд өргөдлийн материал, эссе, CV, зөвлөмжийн захидлуудыг нарийн шалгасан. Дараа нь ярилцлага авахад тэдний хамгийн чухал асуулт бол “Чи юу бүтээсэн бэ?” байсан. Би тэр асуултад өөрийн старт-ап болох "Yer AI Mentor"-оо танилцуулсан.

Энэ бол AI технологид суурилсан элсэлтийн цогц платформ бөгөөд бидний тусламжтайгаар оюутнууд 3 сая ам.доллароос давсан тэтгэлэг авч, 100 гаруй их сургуульд амжилттай элссэн. Энэ бол миний бүтээсэн бодит зүйл, Кембрижийн хайж байсан зүйл байсан гэж боддог.

- Бакалавр болон магистр гээд хоёр түвшний хөтөлбөрт тэтгэлэг авахад ямар ялгаа ажиглагдсан бэ. Жишээлбэл бакалаврын түвшний тэтгэлгийн сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт нь юу байсан бэ, магистрын түвшинд бас ямар байв?

- Бакалаврын тэтгэлгийн шалгуурт ихэвчлэн голч дүн, IELTS/TOEFL-ийн оноо, эссе, олимпиадын амжилт, нийгмийн идэвх давамгайлдаг. Энэ үед сургуулиуд таны ирээдүйд ямар боломжтой оюутан бэ гэдгийг хардаг.

Харин магистрын түвшинд илүү өндөр шаардлага тавьдаг. Та зөвхөн потенциалтай гэдгээ харуулах биш, аль хэдийн ямар нэг зүйл бүтээсэн, бодит үр дүн гаргасан гэдгээ батлах ёстой. Энэ нь стартап байгуулсан байж болно, судалгааны ажил хийсэн байж болно, эсвэл нийгэмд тодорхой нөлөө үзүүлсэн төслөөрөө нотолж ч болно.

- Өөрийн туршлагадаа үндэслээд шинэхэн төгсөгч болон гадаадад тэтгэлгээр сурахаар бэлдэж буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ. Оны төгсгөлд сургуулиудын бүртгэл нээгдэх гэж байна. Хүмүүс эхнээсээ материалаа бэлдэж байгаа байх. Энэ үед таны зөвлөгөө тун чухал байх?

- Шинэ төгсөгчдөд миний хамгийн том зөвлөгөө бол цагийн менежмент, стратегийн сэтгэлгээ, болон өөрийнхөө түүхийг бодит баримтаар батлах чадварыг хөгжүүлэх явдал. Ихэнх оюутан элсэлтийн материалыг зөвхөн бичгийн ажил гэж боддог боловч үнэн хэрэгтээ энэ бол таны тухай “бизнесийн кейс” юм.

Таны CV бол таны компанийн санхүүгийн тайлан шиг, эссе бол таны бизнесийн төлөвлөгөө шиг, зөвлөмжийн захидал бол хөрөнгө оруулагчийн итгэл шиг үүрэгтэй. Тиймээс эдгээрийг цаг хугацааны хувьд зөв дарааллаар, стратегийн хувьд хооронд нь нийцтэйгээр бэлдэх ёстой.

Материалаа хамгийн багадаа хагас жилээр өмнөөс бэлдэх нь чухал. Энэ хугацаанд та эссегээ олон хувилбараар бичиж, бусдаар уншуулах, CV-гээ тоон үзүүлэлттэй болгож сайжруулах, зөвлөмжийн захидлынхаа агуулгыг багш, дарга, ментортойгоо эртнээс тохирох боломжтой болно.

Хоёрдугаарт сургуулиа сонгохдоо зөвхөн нэр хүндийг нь харахаас илүү тухайн сургуулийн хөтөлбөр таны зорилготой хэр нийцэж байгааг судал. Нэг л тохирсон хөтөлбөр таны карьерын замыг бүхэлд нь өөрчилж чаддаг.

Гуравдугаарт эссе дээрээ “яагаад” гэдэг асуултад тодорхой хариулах хэрэгтэй. Яагаад энэ улс, яагаад энэ хөтөлбөр, яагаад энэ үе шатанд сурах ёстой вэ гэдгээ итгэлтэй, логиктойгоор бичиж чадвал та бусдаас ялгарна.

Хамгийн гол нь өөрийн амжилтыг тоогоор нотолж чад. “Би сайн сурагч байсан” гэхээс илүү “би олимпиадад түрүүлж, 10,000 өрсөлдөгчөөс шалгарсан” гэж хэлэх нь хамаагүй хүчтэй. “Би хүүхдүүдэд хичээл заасан” гэхээс илүү “би 20 сурагчийн IELTS-ийн оноог дунджаар 1.5 нэгжээр ахиулсан” гэж хэлэх нь хамаагүй тодорхой. Энэ бол сургуулийн хайдаг бодит баталгаа.

Эцэст нь би шавь нарынхаа амжилтыг онцолмоор байна. Миний шавь нарын нэг нь Улаанбаатарын Цэргийн ахлах сургуулиас төгсөөд АНУ-д 100 хувийн тэтгэлэгтэй суралцах болсон бол өөр нэг нь University College London гэх дэлхийн шилдэг таван их сургуулийн нэгнээс магистрын санал хүлээн авсан. Энэ бүхэн системтэй бэлтгэл, зөв стратеги, зөв менторшипын үр дүн. Хэрэв та ч бас мөрөөдлөө биелүүлэхийг хүсэж байвал манай менторшип хөтөлбөр та бүхэнд нээлттэй гэдгийг хэлмээр байна. Надтай khadyr17@gmail.com хаягаар холбогдоорой.