Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Баянгол дүүргийн 87-р цэцэрлэгийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 87 дугаар цэцэрлэгийн барилгыг засварлах бөгөөд гадна фасадыг засаж, цонх болон хаалгануудыг солих аж.
Энэхүү ажил хийгдсэнээр цэцэрлэгийн хүүхэд багачууд, багш ажилтнуудад эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл бүрдэнэ.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 617 дахь, тус дүүрэгт хэрэгжих 19 дэх төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 126,836 ам.доллар болно.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.
Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд нь голлох үүргийг гүйцэтгэдэг хэмээн Япон Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!