Энэтхэгийн эмч нар 20 хоногтой нярайн гэдсэн дотор өсөж байсан “шимэгч ихрүүд” буюу хос ургийг мэс заслын аргаар амжилттай салгасныг өчигдөр зарлажээ.
“Ураг доторх ураг” гэгддэг энэ эмгэг маш ховор байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл дэлхий даяар 200 хүрэхгүй тохиолдол бүртгэгдэж байсан байна.
Үүний цөөхөн тохиолдол нь Энэтхэгт бүртгэгдэж байжээ.
Энэхүү эмгэг нь жирэмсний эхэн үед гажигтай ураг нөгөө ургийнхаа биед шингэх үзэгдэл юм.
Ингэж шингэсэн ураг хэдийгээр амьд биш ч нөгөө ихрийнхээ шим тэжээлийг шимэгчлэн өссөөр байдаг гэнэ.
Дээрх тохиолдолд эмэгтэй гурван ихэр хүүхэд тээсний хоёр нь гурав дахийнхаа хэвлий дотор орсон байжээ.
Мэс заслыг удирдсан доктор Ананд Синха “Ажиллагаа хүнд байсан ч хүүхдийн бие одоо сайн байгаа” гэж хэвлэлд ярьсан байна.
Нярайг нэг сарын өмнө эмнэлгээс гаргасан, одоогоор ямар нэг хүндрэл гараагүй байгааг тэр нэмж мэдээлжээ.
Хүүхэд халдвар авах боломжтой тул хагалгааны дараах арчилгаа маш чухал болохыг доктор онцолсон байна.
2024 онд Колката хотод мөн хэвлийдээ хоёр ураг агуулсан гурав хоногтой нярай ийм мэс заслын маргааш нас барж байжээ.
Сүүлийн тохиолдолд төрөөд 20 хонож байсан нярайг эцэг эх нь өнгөрсөн долдугаар сард Гуруграм хотын “Fortis Memorial Research Institute” хүрээлэнд ураг салгах мэс засалд оруулсан юм байна.
“Нярайн гэдэс дүүрсэн, юу ч идэж чадахгүй байлаа. Учир нь ураг ходоодыг нь шахсан байсан” гэж Синха эмч тайлбарлажээ.
Дүрст шинжилгээгээр түүний хэвлий дотор хавдартай төстэй хоёр зүйл илэрсэн нь үнэндээ гажигтай ургууд байсан байна.
Нярай шингэний болон хоол тэжээлийн дутагдалд орсон байсан тул шууд хагалгаанд оруулах боломжгүй байжээ.
Хоёр хоногийн дараа биеийн байдал нь сайжирсан тул 15 эмчтэй баг хоёр цаг үргэлжилсэн хагалгааг гүйцэтгэсэн байна.
Нярайн бие жижиг, ургууд түүний элэг, бөөр, гэдэс зэрэг дотор эрхтнүүдэд наалдаж байрласан байсан тул хагалгаа нэлээд хүнд болжээ.
Ийм гаж хөгжил ихэвчлэн эхийн жирэмсэн үед илэрдэг ч мэдэгдэлгүй явсаар агуулагч хүүхдийг насанд хүрсэн хойно илрэх тохиолдол байдаг гэнэ.
Ийм ураг хугацааны туршид өсөн томорсоор байдаг тул агуулагч хүүхдийг насанд хүрэх үед эрүүл мэндийн янз бүрийн асуудал үүсгэдэг юм байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!