Энэ жилийн баяр наадмаар түрүүлж, улсын арслан цол хүртсэн Э.Батмагнайд "Бридж Моторс" компанийн зүгээс "Jimny Suzuki" автомашин бэлэглэсэн. Тус компани 2020 оноос хойш улсын баяр наадмын долоогийн даваанд тунаж давсан бөхөд "Jimny" автомашин өгдөг болсон юм.
Анх улсын заан Б.Пүрэвсайхан авсан бол 2022 онд цэргийн арслан М.Лхагвагэрэл, 2023 онд улсын харцага Ц.Бямба-Отгон, 2024 онд улсын арслан Б.Орхонбаяр нар долоогийн даваанд тунаж давсан амжилтаа үнэлүүлж байв.
Тэгвэл энэ жилийн баяр наадмын долоогийн даваанд улсын заан Б.Бат-Өлзий, улсын начин Э.Батмагнай нар тунаж, улмаар залуу начин арслан болох замаа зассан билээ.
Залуу арслан Э.Батмагнай шинэхэн машинаа өөрийн багш С.Мөнхдуулдахад бэлэглэжээ.
Баянхонгор аймгийн Биеийн Тамир Спортын Газар (БТСГ), "Байдрагийн хүчтэн" дэвжээний дасгалжуулагч С.Мөнхдуулдах 2010 оноос тус дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж, нутагтаа чөлөөт бөхийн спортыг хөгжүүлж буй нэгэн. Түүний шавь нар дундаас улсын болон олон улсын тэмцээнээс цөөнгүй медаль хүртсэн. Тэдний нэг нь улсын арслан Э.Батмагнай юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!