Нэр бүхий УИХ-ын гишүүд Тамхины тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа танилцуулсан. Уг хуулийн төсөлд электрон тамхинд тавих хяналтыг чангатгах тухай тодорхой заалт тусгасан тухай хууль санаачлагчид хэлж байв. Үүнтэй холбоотойгоор Гаалийн ерөнхий газраас янжуур болон электрон тамхины сүүлийн гурван жилийн импортын тоон мэдээллийг танилцуулж байна.
Янжуур тамхи 2023 онд 3.7 тэрбум ширхэг, 2024 онд 3.5 тэрбум ширхэг, 2025 оны наймдугаар сарын байдлаар 2.6 тэрбум ширхэг импортолсон нь байна.
2024 оны янжуур тамхины импортыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 тэрбум ширхгээр буюу 5.4 хувиар багассан үзүүлэлтэй байна.
Харин электрон янжуур болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь цахилгаан барааны бүлэг буюу 8543.40.00 кодод ангилагддаг бөгөөд 2023 онд 204,904 ширхэг, 2024 онд 505,878 ширхэг, 2025 оны эхний наймдугаар сарын байдлаар 384,045 ширхгийг импортолжээ.
2024 онд импортолсон электрон янжуур болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл нь өмнөх оноос 300,974 ширхгээр буюу 2.5 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Нэг удаагийн хэрэглээний электрон тамхи, электрон тамхи цэнэглэгч гель болон шингэн, электрон тамхины картриж буюу цэнэглэгч хошуу нь "Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл никотин орлуулагч агуулсан асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн"-ий бүлэг буюу 2404.12.00, 2404.19.00 кодуудад ангилагддаг бөгөөд 2023 онд 157.7 тонн, 2024 онд 375.2 тонн, 2025 оны эхний найман сарын байдлаар 160.6 тонныг импортолсон байна. 2024 онд импортолсон тухайн бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 217.5 тонноор буюу 2.3 дахин өсжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!