Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Гэрээний халхавчтай луйврын менежментийг Монголд оруулж ирж, барилгын олон компанийг хохироож байна"

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баруун бүсийн усан хангамжийн төсөлд оролцогч Израилын "Baran group limited" ХХК-ийн үйл ажиллагаанаас болж Монголын олон компани хохирсон, цаашид өөр ААН-үүд ч хохирч болзошгүй байгаа талаар барилгын компаниудын төлөөлөл мэдээлж байна. 

Тухайлбал “НБИК”, “Ricon” ХХК-ийн төлөөлөл ийнхүү мэдээлэл өгсөн юм. 

"Гэрээний халхавчтай луйврын менежментийг Мянганы сорилтын сан Монголд оруулж ирсэнд гомдолтой байна" гэдгийг барилгын "НБИК" ХХК-ийн захирал Б.Дайчинбаатар хэлж, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэв. 



Энэ талаар тэрбээр "Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Мянганы сорилтын сангийн хооронд байгуулсан компакт гэрээний хүрээнд монгол компаниуд тендерт оролцсон.

Тодруулбал Улаанбаатар хотын баруун бүсийн ус цэвэршүүлэх байгууламжийн төсөлд 2023 оны хавар зургаадугаар сараас гэрээгээ байгуулаад ажлаа эхлүүлсэн байдаг. 

Энэ хүрээнд Израилын “Baran group” буюу Израилын компанитай гэрээ байгуулсан. Тус компани анх маш богино хугацаанд үнийн санал, тендер зарлаад гэрээгээ зөвхөн нэг талыг барьсан хатуу нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг. Тухайн үед гэрээнийхээ зохицуулалтыг олон талаас харж, өөрсдийгөө хамгаалах нөхцөлүүдийг хийх гэсэн боловч “Явцын дунд гэрээг чинь сайжруулна” гэж тайлбарласнаар ажлаа эхлүүлсэн. 

Манай компанийн хувьд таван сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Америкийн санхүүжилттэй Мянганы сорилтын сангийн төсөл гэдэг утгаар нь шаардсан урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, банкны баталгаанууд зэргээр бараг 1.5 сая ам.долларын үнэ бүхий баталгаа гаргаж өгсөн юм. 

2023 оны зургаадугаар сараас хойш 2024 оны есдүгээр сар хүртэл 1.2 сая ам.долларын ажлын гүйцэтгэл хийсэн байхад нэг ч төгрөгийн санхүүжилт авсангүй.

Дээр дурдсанчлан таван сая ам.долларын гэрээг үе шаттайгаар янз янзын шалтаг хэлж багасгаж явсаар сүүлдээ гэрээгээ хүчээр цуцалсан. Улмаар манай банкны баталгаануудыг гадаадын буюу Израилын компанийн данс руугаа шилжүүлэн авсан. Ингэснээр манай компани болон бусад Монголын олон компанийг хохироосон. Энэ асуудал шүүхээр явж байгаа.

Үүнд Монгол Улсын Засгийн газар, Мянганы сорилтын сангийнхан болон холбогдох хүмүүст нь хүсэлтээ гаргаж тавьсан боловч бидний хүсэлтийг авч үзэхгүй байна.

Магадгүй "Baran group limited" компани Монгол Улсаас өнөө маргаашгүй гараад мөнгө төгрөг болон банкны баталгаануудыг нь аваад зугтчихад эргээд Монголын олон барилгачид хохироод үлдэх эрсдэл үүссэн байна" гэдгийг хэллээ. 

Мөн тэдний зүгээс "Гэрээний үнийн дүнгээсээ өндөр банкны баталгааг буцааж авдаг. Нэг үгээр бол гэрээний халхавчтай луйвар.

Олон монгол компанид гүйцэтгэлийг нь өгөхгүй “Ажлаа явуул", "Ажлаа дууссаны дараа мөнгийг чинь өгнө. Үгүй бол банкны баталгааг чинь дуудаж авна" гэдэг ийм нөхцөлтэй. 

Гэрээний халхавчтай луйврын менежментийг Монголд оруулж ирсэн. Мянганы сорилтын сан болон Америкийн Засгийн буцалтгүй тусламжаар хийгдэж буй төслийг хар толботой үлдээж байгаа энэ үйлдэлд үнэхээр харамсаж байгаа.

Монгол компаниудын цаана мянга мянган барилгачид бий.

Бид нар хөлс хүч, өөрсдийн мөнгө төгрөг, санхүүгийн нөөц бололцоо, тоног төхөөрөмж бүхнээ дайчлан ажлаа хийсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй. Эсрэгээрээ мөнгөө алдчихсан нөхцөл байдал үүссэн учир гомдолтой байна.
Энэ бол Засгийн газрын хэмжээнд хийгдсэн гэрээ. Бид Мянганы сорилтын сангийн захирлуудтай удаа дараа уулзсан боловч “Та нарын асуудал” гэж хэлээд хаяж байгаа. Тиймээс хэлэлцээрийн ширээнд сууж монгол компаниудыг хохиролгүй болгох хэрэгтэй байна" гэдгийг хэлэв.