Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

"МАН-ын Их хурлыг ямар нэгэн албан тушаалын наймаагаар барьцаалж, хууль бус үйлдлээ замхруулахаар яваад байна"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Намын /МАН/ гишүүд дэмжигчдийн "Ардын хүч" ТББ-аас их хурал, Бага хурлыг нэн даруй хуралдуулж намын дараагийн даргаа яаралтай сонгох шаардлагыг хүргүүлж буй талаар мэдээлэл өглөө. 

Энэ талаар Ардын хүч ТББ-ын төлөөлөл "Зуны эхэн сард МАН-ын удирдлагуудтай холбоотой асуудлаар шинэ Засгийн газар байгуулагдсан. Зуны хугацаанд улс даяараа найр наадамлаж, рашаан сувилалд явж ирээд улс орныхоо амьдралд анхаарлаа хандуулж эхэллээ. 

Улс төрийн намын тухай хуулиар энэ онд бүх нам их хурлаа хуралдуулж, зорилго чиглэлээ авч хэлэлцэх ёстой байсан. Харамсалтай нь манай намын их хурал хуралдахгүй, олон удаагийн тодорхойгүй шалтгаанаас хойшилж байна. 100 гаруй жилийн манай намын түүхэнд ээлжит хурлаа зарлаж чадахгүй тохиолдол байгаагүй. 

Тиймээс ойрын хугацаанд Удирдах зөвлөлийг хуралдуулах, түүнээс Бага хурлыг зарлан хуралдуулж, намын ээлжит Их хурлыг зохион байгуулах ажлыг хойшлуулахгүй хий гэсэн шаардлага тавьж байна. 

МАН-ын Их хурлыг ямар нэгэн албан тушаалын наймаагаар барьцаалж, хууль бус үйлдлээ замхруулахаар яваад байгаа гэж хардаж байна. 

Саяхан болж өнгөрсөн Ардчилсан Намын Их хурлыг анхааралтай ажигласан. Тэдний бүх зүйл сайхан болоогүй, гэхдээ дотроо эв зүйгээ олоод ард иргэдэд нэлээд эерэг мессэж өгч чадлаа. Өнөөдрийн байдлаар Ардчилсан Нам улс төрийн үзүүлэлтээр МАН-аас илүү гараад явчихсан байна. 

Эрх барьж буй намын хувьд улбагар байдалтайгаар улс төрийн үйл ажиллагааг явуулж болохгүй гэх шаардлагын үүднээс удирдлагатайгаа уулзах гээд ирсэн. Шаардлагын хариуг есдүгээр сарын 6-ны өдөр өгч, намын Их хурлыг хуралдуулах ёстой.

Намын үндсэн суурь болсон гишүүд маш их бухимдалтай, үл ойлголцолтой байна. Энэ байдал улам даамжирвал намыг үе хооронд, үзэл бодлоор нь хагаралд хүргэх нөлөө ажиглагдаж байгаа" гэв.