Улаанбаатар хотын 13 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажил дөрөвдүгээр сараас эхлэн таван сар үргэлжилж байна. Уг ажлын явцын талаар гүйцэтгэгч компаниудын төлөөлөл олон нийтэд мэдээлэл өглөө.
Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораториос Саппорогийн уулзвар хүртэл явган хүний замыг шинэчлэх ажил гүйцэтгэгч "Бадрах инженеринг" компанийн төлөөлөл: Геологийн төв лабораториос Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлын явц 65%-ийн гүйцэтгэлтэй байна. Ажлыг дуусгах гэрээний хугацаа есдүгээр сарын 25.
Өнөөдрийн байдлаар Драгоны автобусны буудал болон 19 дүгээр байрны өмнөх талбайн явган хүний замыг дөрвөн бригад шинэчилж байна. Баянгол дүүргийн 28 дугаар хороо буюу авто замын эсрэг талын явган хүний замыг шинэчлэх ажил 95%-д хүрсэн. Хүн хүч, бараа материал хангалттай.
Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлын явцын талаар "ТАСО" компанийн захирал: Дөрвөн зам, ТБД андууд, 10 дугаар хорооллын явган хүний замыг шинэчилсэн. Одоо Саппорогийн уулзварын наад талын автобусны буудлын явган хүний замыг шинэчлэх ажил үргэлжилж байна. Таван бригад ажиллаж байгаа юм.
Бидний сольсон чулуун хавтан нь чанартай. 20-40 жилд солигдохгүй дорвитой бүтээн байгуулалт юм.
Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлын явц 58%-тай байна. Арваннэгдүгээр сарын 1-н хүртэл ажлаа үргэлжлүүлэх хүсэлтийг тавьж байгаа.
Гуравдугаар эмнэлэг, 10 дугаар хорооллын автобусны буудлын явган хүний замыг цөөн хоногийн дотор шинэчилж дуусгахаа амлаж байна.
Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчилж буй "Сант-Өндөр" компанийн төлөөлөл: Тус байршлын явган хүний замыг шинэчлэх ажлын явц 34%-тай үргэлжилж байна. Нийт долоон бригад ХАА, 13 дугаар хороолол, Писс моллын урд тал, Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замын хавтанг чулуугаар солих ажлыг гүйцэтгэж байна. Хоёр байршлын явган хүний замыг шинэчлэх ажил дуусаж байгаа.
Есдүгээр сарын 25-н гэхэд ажлын явцыг 70%-д хүргэнэ.
Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэлх явган хүний замыг шинэчлэх ажлын явцын талаар "Цагаантолгой нуур" компаниас: Есдүгээр сарын 15-н гэхэд тус байршлын явган хүний замыг шинэчлэх ажлыг бүрэн дуусгана.
Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг шинэчилж байгаа "Эс Эл Сити" ХХК: Тус гудамжны нийтийн эзэмшлийн талбайн явган хүний замыг шинэчлэх ажлыг тавдугаар сарын 29-нөөс эхэлсэн. Баяр наадмын үеэр тасралтгүй ажиллаж, ажлыг гүйцэтгэж дууссан. Есдүгээр сарын 5-н буюу Баасан гарагт улсын комисст хүлээлгэж өгнө. Иргэд алхахад эко эрүүл орчныг бүрдүүлэх нэг алхам боллоо.
Их тойруугийн гудамжны хойд хэсгийн явган хүний замын шинэчлэлийн явцын талаар "Төрөлхмөрөн" компанийн төлөөлөл: Энэ онд 8,000м.кв талбайн хавтанг шинэчлэх ажил 50%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийт гүйцэтгэл 20%. Баруун дөрвөн замын Барилгын хөгжлийн төвийн хэсгийн хавтанг хуулсан байсныг өнгөрсөн шөнө холбооны сувагчлалаас гарсан хог, тохиромжгүй хөрсийг цэвэрлэсэн. Тус төвийн урд талын хүн ихээр явдаг хэсгийн хогийг цэвэрлэн аюулгүй байдлыг хангаж, чулуун хавтанг суурилуулахаар төлөвлөж байна.
Наймдугаар сарын 15-наас Баянбүрдийн тойргоос Баруун дөрвөн зам хүртэл 1.3 километр дөрвөн хос холбооны сувагчлалын 14 худгийг угсарч дуусгасан. Хоёр худагт цахилгааны кабель давхацсан учраас угсралтын ажил хүлээгдэж байна. Ерөнхийдөө дэд бүтцийн ажил дуусаж байна.
Есдүгээр сарын 15-наас өмнө Гэсэр сүмээс Баруун дөрвөн зам хүртэлх явган хүний замыг шинэчлэхээр төлөвлөсөн.
Бага тойргийн хойд хэсгийн явган хүний замыг шинэчилж буй "Сант баян бэрх" компанийн төлөөлөл: Тус байршлын явган хүний замыг шинэчлэх ажлын явц 50%-тай үргэлжилж байна. Туркийн хөрөнгө оруулалтаар Анкарагийн гудамжинд суурилуулсан явган хүний чулуун замыг солиулахгүй гэсэн. Ажлын талбай хасагдаж байгаа тул есдүгээр сарын 15-нд нийт талбайн чулууг сольж дуусгана.
5 дугаар сургуулийн баруун талд түр буулгасан хавтангуудыг татаж авсан.
Их тойруу, Бага тойруугийн урд хэсгийн явган хүний замын шинэчлэлийн талаар Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төвөөс: Бага тойруугийн урд хэсгийн мэдээлэл холбооны шугамыг газар доогуур сувагчлах ажил бүрэн дуусаж, явган хүний замын хавтанг шинэчлэх ажил эхэлсэн. Цахилгаан холбооны шугамыг сувагчлах, гэрэлтүүлгийг буулгах ажлууд байсан ч тоо хэмжээ нь зураг дээрээ байгаагүйгээс зөвхөн зам талбайг шинэчилж байгаа.
Их тойруугийн урд хэсэгт Баруун дөрвөн замаас Бөмбөгөрийн гэрлэн дохио хүртэлх 380 метр орчим урт мэдээлэл холбооны гурван худаг угсрах болон цахилгааны гэрэлтүүлгийг буулгах ажил дууссан. Хяналтын инженер зөвшөөрөл өгвөл М плазагаас хойш хуулалт, мэдээлэл холбоо, цахилгаан холбооны кабелийг газар доогуур сувагчлах ажил эхэлнэ.
Бөмбөгөрийн гэрлэн дохионоос Баруун дөрвөн замын гэрлэн дохио хүртэлх 1,000 гаруй м.кв явган хүний замын талбайд чулуун хавтан суурилуулсан. Барилгын коллежийн дотуур байр, Кибер амжилт сургуулийн өмнөх хэсгийн явган хүнийг замыг шинэчилсэн. Хичээлийн бэлтгэлтэй холбогдуулан Бөмбөгөр худалдааны төвийн хэсгийн явган хүний замыг шинэчлэх ажлыг долоо хоногоор хойшлуулсан юм.
Явган хүний болон авто замын хооронд 1-2 метрийн өндөртэй хашлага тавьж аюулгүй байдлыг ханган 08:00-20:00 цагийн хооронд чулуун хавтанг суурилуулах ажлыг гүйцэтгэж байна.
Чингисийн өргөн чөлөөнд Яармагийн гүүрнээс АПУ компанийн уулзвар хүртэлх авто замын урд хэсгийн явган хүний замыг шинэчилж байгаа "Эс Эм Жи Ти" компанийн инженер: Мишээл худалдааны төвийн уулзварын явган хүний замыг шинэчлэх ажил хийгдэж байна. Усны барилга байгууламж угсрах ажлыг хүлээж, түр зогссон. Уг ажлыг дууссаны дараа 2-3 хоногт чулуун хавтангаа суурилуулж дуусгана.
Чингисийн өргөн чөлөөнд Яармагийн гүүрнээс АПУ компанийн уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийн явган хүний замын явцын талаар “Люкс Даймонд” компанийн талбайн инженер: Тус байршлын явган хүний замын 7,000 м.кв талбайн хавтанг солихоос 4,500м.кв-ыг шинэчилж, 1,800 метр инженерийн шугам сүлжээний ажил буюу агаарын кабелийг газар доор сувагчлах ажлыг гүйцэтгэсэн. Нийт ажлын явц 70%-тай үргэлжилж байна. Авто замыг өргөтгөх ажлаас шалтгаалсан хэдэн хэсэг талбай орхигдсон. Есдүгээр сарын 30-н гэхэд явган хүний замыг шинэчлэх ажлыг дуусгана гэж мэдээллээ.
Эдгээрээс Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх болон Их тойруугийн гудамжны хойд хэсгийн явган хүний замыг шинэчлэх ажлын явц урагш муутай байгааг НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг хэлэв.
Явган хүний замыг шинэчлэх ажлын явцыг НХОГ-аас дахин шалгаж, ажлаа муу гүйцэтгэж байгаа компанийг цаашид ажиллуулах эсэхийг шийдэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!