"Шаардлагатай тохиолдолд шинэчилж дуусгаагүй байршлын явган хүний замын ажлыг ирэх хавраас үргэлжлүүлнэ"
Нийслэлийн хэмжээнд энэ онд 13 байршилд буюу Энхтайвны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөөний явган хүний замыг шинэчлэх ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн.
Нийт 210 мянган ам.метр талбайг шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 65 мянган ам.метр талбайн хавтанг чулуугаар шинэчилж, явган хүний замыг чулуун хавтантай болгох ажлын явц 50-95 орчим хувьтай үргэлжилж байгааг НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсээс мэдээллээ.
Шинэчилж дууссан явган хүний замыг есдүгээр сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгөх юм байна.
Харин төлөвлөгөөнөөс хоцорч, удаашралтай ажилласан компаниудын гэрээг цуцлах бол шаардлагатай тохиолдолд шинэчилж дуусгаагүй байршлын явган хүний замын ажлыг дараа жилд шилжүүлэн ирэх хавраас үргэлжлүүлнэ гэж нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч мэдэгдэв.
Явган хүний замыг шинэчлэхдээ шугам, сүлжээний өргөтгөлийг гүйцэтгэж байгаа тул долоо хоног бүр гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон Геодези, Усны Барилга Байгууламжийн Газар, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын холбогдох ажилтнуудтай уулзаж, тухай бүрд нь асуудлаа шийдэхээр болжээ.
Иргэдийн зүгээс эвдэрч хэмхрээгүй, халтирдаггүй хавтанг шинэчлэн сольж буйг шүүмжилсээр байгаа юм.
Нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбай тус бүрийг тохижуулахад 2-6 гаруй тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулахыг 2-5 дугаар сард нээсэн тендерийн мэдээлэл харуулж байна.
- Бага тойруугийн гудамжны урд хэсэг 3 тэрбум төгрөг /2025.05.15/
- Бага тойруугийн гудамжны хойд хэсэг 3.9 тэрбум төгрөг /2025.05.15/
- Денверийн гудамжны засвар шинэчлэлт (Энхтайвны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эргээр Их тойруу хүртэл) 1.2 тэрбум төгрөг /2025.02.17/
- Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хэсэг 2.3 тэрбум төгрөг /2025.02.19/
- Чингисийн өргөн чөлөө 4 дүгээр хэсэг 2.5 тэрбум төгрөг /2025.05.16/
- Олимпын гудамж, Их Монгол улсын гудамжны баруун тал 3.2 тэрбум төгрөг /2025.04.28/
- Их тойруугийн гудамжны хойд хэсэг 6.2 тэрбум төгрөг /2025.04.28/
- Их тойруугийн гудамжны урд хэсэг 5.5 тэрбум төгрөг /2025.04.28/.
Энэ онд нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтод ₮32 тэрбумыг зарцуулахаар баталсан байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
