Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Сибирийн Хүч 2” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсоныг Оросын тал баталж байгаа ч Хятадын тал чимээгүй байна

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэх “Сибирийн Хүч 2” дамжуулах хоолойн төслийг талууд хэрэгжүүлэхээр тохиролцсон тухай Газпромын тэргүүн болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар дараалан мэдэгджээ.

Гэвч худалдан авагч тал болох Хятадын эрх баригчид энэ талаар огт ам нээхгүй байгаа нь анхаарал татаж байна.

Мягмар гарагт Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер сүүлийн 20 орчим жил яригдаж байгаа төслийг хэрэгжүүлэх “хууль эрх зүйн чадамжтай санамж бичигт” Бээжин хотод хоёр улсын ерөнхийлөгч гарын үсэг зурсныг мэдэгдсэн юм.

Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл одоогийн нийлүүлэлт дээр нэмэгдээд жил бүр 100 гаруй тэрбум шоо метр байгалийн хийг Оросоос Хятадад дамжуулдаг болно.

Өчигдөр буюу Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Путин айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэл өгөхдөө Миллерийн ярьсныг давтсан байна.

“Эцэст нь хэлэлцэгч талууд тохиролцоонд хүрлээ. Газпром бол манай тэргүүлэгч компани. Шинэ зах зээл нээгдэж, өргөжиж байна. Ерөнхийдөө бид Монголоор дамжуулан 50 тэрбум шоо метр хий дамжуулдаг болно. Нийлүүлэх хийн хэмжээ нийтдээ 100 гаруй тэрбум шоо метрт хүрэх юм” гэж тэр хэлжээ.

Гэвч Путиний айлчлалын үеэр Хятадын талаас дээрх төслийн талаар ямар ч мэдэгдэл хийгээгүйг Вашингтон Пост баталсан байна.

Тухайлбал Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин болон Газпромын худалдан авагч, төрийн өмчит CNPC компанийн аль нь ч дамжуулах хоолойн талаар ам нээсэнгүй.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бас энэ талаар огт ярихгүй байгааг Файнэншиал Таймс мэдээлжээ.

Ши Жиньпин, Путин, Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нарын хамтарсан мэдэгдэлд зөвхөн гурван улс “хил дамнасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг идэвхтэй дэмжиж ажиллана” гэсэн өгүүлбэр дурдагдсан байна.

Харин “Сибирийн Хүч 2” гэсэн нэр томьёо дурдагдсангүй.

Эрчим Хүчний Аюулгүй Байдлын Хятадын Хүрээлэнгийн ерөнхийлөгч Виктор Гао хийн хоолойн талаар Оросын талын мэдэгдлийг “хэтэрхий эртэдсэн” гэж дүгнэжээ.

“Энэ бол эцэслэн байгуулсан гэрээ гэхээсээ илүү санаа зорилгоо илэрхийлсэн санамж бичиг юм” гэж тэр хэлсэн байна.

Карнегийн Төвийн Орос, Евразийн салбарын захирал Александр Габуев санамж бичиг нь Хятад улс “Тийм ээ, бид сонирхож байна. Бид Монголоор дамжин өнгөрөхийг зөвшөөрч байна. Гэхдээ үнэ болон нөхцөлийн талаар ярилцана” гэсэн байр суурьтай байгаагийн илэрхийлэл гэж үзэж байгаагаа Файнэншиал Таймс сонинд тайлбарлажээ.

 

Эх сурвалж: The Moscow Times