Энэ зуны турш дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан “Kpop Demon Hunters” энимэйшн кино Нэтфликсийн түүхэнд хамгийн их үзэлттэй дэлгэцийн бүтээл болсныг тус компани өнөөдөр зарлажээ.
Өмнөд Солонгосын өөр нэг алдартай бүтээл “Squid Game” цуврал өнөөдрийг хүртэл энэ алдрыг зүүж байсан бол 266 сая үзэлттэй “Kpop Demon Hunters” нь уран сайхны кино болон телевизийн цувралын аль аль төрөлд үзэлтийн тоогоор тэргүүлж байна.
Ердөө хоёр долоо хоногийн өмнө “Kpop Demon Hunters” үзэлтийн тоогоор Нэтфликсийн түүхэнд гуравдугаарт бичигдэж, 265 сая үзэлттэй “Squid Game” цувралын нэгдүгээр бүлэг, 252.1 сая үзэлттэй Америкийн “Wednesday” цуврал эхний хоёр байрыг эзэлж байжээ.
Уран сайхны киноны ангилалд уг энимэйшн нь Дуэйн Жонсон, Гал Гадот зэрэг Холливүүдийн оддын тоглосон 2021 оны “Red Notice” бүтээлийг гүйцэж, тэргүүн байрыг эзэлсэн юм.
Нэтфликс компани контентуудынхаа үнэлгээг тогтоохдоо нээлтээс хойших эхний 91 хоногийн статистик үзүүлэлтийг тооцдог.
Зургаадугаар сарын 20-нд нээлтээ хийсэн “Kpop Demon Hunters” киноны хувьд дээрх хугацаанд хүрэхэд дахиад хоёр долоо хоног дутуу байгаа тул тэргүүллээ нэг хэсэгтээ хадгалах нь тодорхой байна.
Энэ киноны дуу “Golden” бас хөгжмийн ертөнцөд амжилт гаргаж, Billboard сэтгүүлийн “Hot 100” жагсаалтыг гурван долоо хоногийн турш тэргүүлж байгаа юм.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!