БНСУ-ын агаарын тээврийн "Korean Air" компанид гомдол гаргасан иргэн Ө.Энхтайван өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Би "Korean Air" компаниар 15 жил үйлчлүүлж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тээшний гэмтэл нь хэрээс хэтэрсэн. Үүнийг тухай бүрд нь холбогдох байгууллагуудад хандаж ирсэн. Энэ компани монголчуудад зориулж, дабль стандарт хэрэгжүүлж байгаа асуудлыг би хөндсөн. Түүнээс биш хувь Ө.Энхтайван гэдэг хүний асуудал огт хамааралгүй.
Тус компани өнөөдөр дэлхийн ихэнх улс орон руу нислэг үйлдэж байгаа. Бүх улс орны үйлчлүүлэгчидтэйгээ ижил тэгш харилцах ёстой. Түүнээс биш Европ, АНУ-ын иргэн ч гэдэг юм уу, өндөр хөгжилтэй орны иргэдтэй тусгайлан харьцаад хөгжиж буй орны иргэдтэй өөрөөр харьцдаг, ийм увайгүй, хүнлэг бус, үл тоосон харилцаа дээр нь гомдол гаргаж байна.
Энэ асуудлаар компанийн удирдлагуудад нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш гомдол гаргасан. Солонгос үндэстний соёл гэж бий. Тэднийг би байгууллагын соёлоо дагаад хүний ёсоор уучлалт гуйх болов уу гэж бодсон боловч тийм зүйл болоогүй.
Тийм учраас Солонгос стандарт нь Монголд хэрэгжихгүй байна гэж ойлгож байгаа.
Хамгийн анх 2024 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Монголд буугаад цүнхийг маань эвдчихсэн байсан тул гомдлоо холбогдох албаны хүмүүст нь гаргасан. Үүнээс өмнө хоёр ч удаа ийм асуудлаар гомдол гаргасан ч хэл ам хийгээд яах вэ гэдэг байдлаар өнгөрүүлсэн юм. Гэхдээ бараг хагас жил орчим ярьж байж хохирлоо барагдуулсан.
Хохирлыг барагдуулахдаа компанийн зүгээс дотоод журмаа тулгадаг. Надад тэр компанийн дотоод журмыг нь биелүүлэх шаардлагагүй. Тасалбар дээр хавсаргасан заалт дээр байдаг Монреалийн конвенцыг л би дагах үүрэгтэй. Түүнээс биш уг компаниас хууль бус юм шаардаагүй.
Гэтэл компаниас болохоор төлбөрийнхөө гуравны нэгийг ав, дээрээс нь миний эвдэрсэн тээшийг авна гэдэг. Би үүнийг ойлгохгүй байна. Korean Air компани үйлчлүүлэгчдийнхээ тээшийг эвдчихээд түүгээрээ үзэсгэлэн гаргаж үзүүлэх гэж байгаа юм болов уу, бүү мэд.
Өөрөөр хэлбэл 1,500 ам.долларын үнэтэй цүнх эвдчихээд хохиролд нь 500 ам.доллар өгөөд эвдсэн цүнхээ авна гэдэг.
Уг асуудлаар өмгөөлөгч аваад зохих хуулийн дагуу гомдлоо гаргасан ч өмгөөлөгчийг маань үл тоодог.
Сүүлдээ аргаа бараад Зам тээврийн яаманд өнөөдөр гомдлоо гаргалаа. Уг нь хувийн компани төрийн байгууллагад хамааралгүй. Гэхдээ иргэдтэй нь зүй бусаар харилцаж байгаа тул хандсан. Монголд хяналт шалгалт, хууль дүрэм гэж хэрэгждэг эсэхийг мэдмээр байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!