Парисын олимпын аварга, алжир боксчин Иман Хелиф тамирчны замналаасаа гадна хүйсийн маргаанаараа олонд танигдсан нэгэн. Саяхан Дэлхийн Боксын Холбоо (World Boxing) тамирчдыг генетикийн гэрчилгээгүй бол тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэрийг эсэргүүцэн Спортын Арбитрын Шүүх (CAS)-д хандсан байна.
Энэ талаар CAS өнгөрсөн Даваа гарагт гаргасан мэдэгдэлдээ онцолжээ. Талууд одоогоор албан бичиг солилцсон бөгөөд шүүх хурлын товыг удахгүй зарлана гэж шүүхээс мэдэгдсэн юм.
И.Хелиф энэ сарын 14-нд албан ёсоор нээлтээ хийх насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцохгүй гэдгээ зарласан. Английн Ливерпүүл хотод болох тус тэмцээнээр боксын холбоо хүйсийн шалгалт авч байхаар болсон билээ. Гэхдээ энэ удаад зөвхөн эмэгтэй тамирчдын ангилалд хэрэгжүүлнэ. Тус холбооны зүгээс 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш зохион байгуулагдах бүх тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ангилал харгалзахгүй хүйс тодорхойлсон гэрчилгээгүй бол тэмцээнд оролцох эрхийг нь хорихоор төлөвлөж буй.
Шүүхээс гаргасан албан мэдэгдэлд И.Хелиф хэргийг хянан шалгаж байхад уг шийдвэрийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч албаныхан хэрэгсэхгүй болгожээ.
Өнгөрсөн хугацаанд Дэлхийн Боксын холбооноос хүйсийн шинжилгээ хийх болсноо зарлахдаа И.Хелифийн нэрийг онцолсондоо уучлалт гуйсан юм. Холбооны ерөнхийлөгч Борис ван дер Ворст Хелифийн хувийн нууцыг хамгаалах ёстой байснаа хүлээн зөвшөөрсөн.
Харин энэ жил 26 настай И.Хелифийн хувьд боксын спортоос зодог тайлах бодолгүй байгаагаа мэдэгдэж байв. Тэрбээр 2028 оны олимпод амжилтаа давтахыг хүсэж байгаагаа олон нийтэд ярьсан юм.
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!