Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, парк буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талд авто угаалгын газар барьж эхэлжээ.
Энэ талаар Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын дарга С.Энхбаяр "Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн урд талд наймдугаар сарын 31-нээс зөвшөөрөлгүйгээр барилга барьж эхэлсэн байна. Есдүгээр сарын 1-нд улсын байцаагч ажиллаж, бичиг баримтыг шалгахад Хотын стандартын газраас барилга барих зөвшөөрөл аваагүй, барилгын зургийг батлуулаагүй зөрчил илэрсэн.
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн удирдлагатай уулзсан. Тус хүрээлэнгийн эзэмшлийн газрыг нэр бүхий компанид түрээслүүлж, авто угаалгын газар барихаар гэрээ байгуулсан байна. Бидэнд хэлэхдээ саарал ус ашиглах барилга байгууламж барьж байгаа гэсэн юм. Барилгын ажлыг өчигдөр зогсоосон, торгуулийн арга хэмжээ авна.
Барилга байгууламжийг богино хугацаанд буулгаж, буцааж хэвэнд нь оруулах үүргийг өгсөн байгаа. Хэрэв улсын байцаагчийн заасан хугацаанд барилга байгууламжийг буулгахгүй бол улсын зардлаар буулгаж, буруутай этгээдээр гарсан хөрөнгийг төлүүлнэ.
Уг барилгыг барьж байгаа газар нь амралт зугаалгын цогцолборын зориулалттай Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн эзэмшилд байдаг. Үндэсний соёл амралтын хүрээлэн газраа зориулалтаар нь эзэмших ёстой. Эзэмшил газар дээрээ хотын А бүсэд бусдаар зөвшөөрөлгүй барилга бариулах эрх хуульд байхгүй. Зориулалтын дагуу газраа эзэмшээгүй бол хүчингүй болгуулах хүртэл хуультай" хэмээн мэдээллээ.
Нийслэл хотод гэр бүлийн зориулалтаар авсан газар дээрээ хоёрдогч түүхий эд, тослох материал худалдах, автомашины Вьетнам засварын газар ажиллуулах нь их байгаа тул өнөөдрөөс шалгалтын ажиллагааг зохион байгуулж, зөрчлийг арилгуулна гэж тэрбээр хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!