Хүүхдүүд амраад энэ намар сургууль, цэцэрлэгтээ иртэл хашаагаар нь дүүрэн модтой, хаана нь ч очоод дуртай үедээ тоглох зүлэгтэй, хичээл тараад ангийнхантайгаа хөөрөлдөх тохилог сүүдрэвч гээд ийм байвал гоё оо гэж өмнө нь зөвхөн мөрөөдөж байсан тэр сайхан орчныг ах эгч нар нь хичээлийн шинэ жилийн нээлтийн энэ өдөр “ногоон бэлэг”-тэй багачуулаа угтаж байна.
Энэ бол нийслэл хотын төвөөс харьцангуй алслагдсан СХД-ийн 28-р хороонд шинээр баригдсан 270-р цэцэрлэг. Энэ хорооны эцэг, эхчүүд хүүхдээ өгөх цэцэрлэг алга гэж удаа дараа гомдол гаргаж, удаан хүлээсний эцэст шинэ цэцэрлэгтэй болжээ. Гэвч нөгөө л төрийн өмчийн сургууль, цэцэрлэгт төсөв хүрэлцсэнгүй гэдэг шалтгаанаар гаднах талбайн тохижилтын ажил нь арагш шидэгдсэн.
Энэ хавийн газар хавартаа салхи ихтэй, хаа сайгүй шороо хийсэж, бас хадтай, хазгай газар мод тариад ургахгүй ээ гэдэг олны он удаан жил хэвшсэн ойлголтыг хамтдаа өөрчилж, өнөөдөр энэ цэцэрлэгийнхэн том багагүй “нар нь гарсан сайхан өдөр” болж байна. Тэрбум мод сангаас 270-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд ногоон орчныг бэлэглэж байна. Гүйцэтгэгчээр нь амьдрах орчноо өөрчилж, өөрсдийн мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах эрмэлзэлтэй “Фермер эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-ын бүсгүйчүүд гар санаа нийлэн ажиллаж байна.
Тэрбум мод сангийн Гүйцэтгэх захирал Б.Баярмаа: Манай сан 2023 онд байгуулагдсан. Монголын анхны хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан. Бид сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна талбайн тохижилтыг өөрсдийн санхүүжилтээр хийж өгч байгаа нь манай сангийн үйл ажиллагааны нэг гол чиглэл юм. Өнөөдрийн байдлаар УБ хотын 40 гаран сургууль, цэцэрлэг, мөн хамгийн олон хүн хэвтэж эмчлүүлж, үйлчлүүлдэг Улсын клиникийн Нэгдүгээр эмнэлэг, ХСҮТ, СЭМҮТ-ийн гаднах талбайд тус бүр нь 8+ төрлийн 200+ мод тарьж, зүлэгжүүлэлт тохижилтын ажлыг нь хамтад нь хийж өгөөд байна.
Шинэ хичээлийн жилийн нээлтийн энэ өдөр манай сангийн Удирдах зөвлөлийн гишүүд мөн санхүүжүүлэгч арилжааны банкны удирдлагууд төсөлд хамрагдсан сургууль, цэцэрлэгийнхээ нээлтэд оролцож, ажлаа дүгнэж явна. Хамгийн гол нь хүүхэд, багачуулын баярлаж хөөрсөн энэ сайхан инээдээс цаашид ч олон сургууль цэцэрлэгийг ногоон орчинтой болгон тохижуулж өгөх их урам авлаа... хэмээн ярилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг банкны салбарынхан дэмжиж, өнөөдрийн байдлаар 3.5 сая ширхэг модыг тарьж, ургалт нь 80-аас дээш хувьтай байна.
Тус сан нь жил бүрийн аравдугаар сард төслийн сонгон шалгаруулалтаа зарлаж, Техникийн хорооны хараат бус гишүүд олон нийтэд болон байгаль орчинд хамгийн их ач холбогдолтой гэж үзсэн төслүүдийг таван чиглэлээр сонгон шалгаруулж, ойн мэргэжлийн баг, компаниар ажлыг нь гүйцэтгүүлдэг. Харин сангийн зүгээс хяналт болон мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд дараагийн санхүүжилтийг нь өгөх зарчмаар төслүүдээ хэрэгжүүлдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, тарьсан модоо суулгаад орхих бус заавал ургуулдаг гэсэн үг.
Тухайн аж ахуйн нэгж модны ургалт, арчилгаа, усалгаа, нөхөн тарилт орчны тохижилтыг хариуцан ажиллаад, гурван жилийн дараа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нь хүлээлгэн өгнө. Өөрөөр хэлбэл мод тарих, ургуулахын эхэн үеийн бүх эрсдэлийг сан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүлээж ажилладаг юм.
Гэр хороолол гэлгүй орон сууцны хороолол дунд зай л байвал байшин барих ёстой гэдэг хэвшмэл ойлголтыг Тэрбум мод сангийнхан өөрчилж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нийтдээ 90-ээд төслийг санхүүжүүлэн ажиллаж байна. Хүүхэд багачуулын сурч хөгжих орчныг ногоон болгосноор 28 мянган хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих эрхээ эдлэх боломжтой болж, мөн эргэн тойрны бүх хүнд өөрчлөлтийг өөрсдөө эхлүүлэх ёстой гэдэг сайн нөлөөллийг түүчээлж байна.
Тэрбум мод сан нь байгуулагдсан цагаасаа хойш томоохон хэмжээний уулын ойжуулалт, Хархорин дахь Их хаадын цэцэрлэгт хүрээлэн, олон нийтийн оролцоотой мод тарих хөдөлгөөнийг дэмжих, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна талбайн зүлэгжүүлэлт, Монгол орны уур амьсгалын сөрөг өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа Дундговь, Өмнөговь аймгуудад салхинаас хамгаалах ойн зурвас байгуулах, Баянхонгор, Ховд, Өвөрхангай аймгуудад цөлжилтийн эсрэг төслүүд, Улаанбаатар хот болон 21 аймагт “Банкны төгөл” байгуулсан гээд нийтдээ 90 гаруй төсөл хөтөлбөрийг ойн салбарын эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
Төсөл хөтөлбөрийн үр дүнд 4 инновац шингэсэн төсөл туршигдаж, 100 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, 900 мянган хүнд экологийн боловсрол олгогдож, 1100 га талбай модоор бүрхэгдэж, 280 мянган м2 талбай ногоорсон гэсэн сайн мэдээтэй 2025-2026 оны хичээлийн шинэ жилийг угтаж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!