Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн эсэргүүцлийг намжаахын тулд Индонезын парламентын гишүүд тусгай хангамжаасаа татгалзлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Индонезын улс төрийн намууд орон даяар өрнөж буй иргэдийн эсэргүүцлийн жагсаалыг намжаахын тулд парламентын гишүүдэд олгох гэж байсан зарим тусгай хангамжийг цуцлахаар тохиролцсоныг тус улсын ерөнхийлөгч Ням гарагт зарлажээ.

Өнгөрсөн долоо хоногийн турш зүүн өмнөд Азийн энэ улсын нийслэл Жакарта болон бусад хотуудад засгийн газрын эсрэг жагсаал тэмцэл өрнөж, цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан юм.

Парламентын гишүүдэд сар бүр олгох тусгай цалин хангамжийн асуудал уг тэмцлийг эхлүүлэх гол шалтгаан болж байв.

Үүссэн нөхцөл байдлын улмаас Хятад улсад хийх айлчлалаа цуцалсан Индонезын ерөнхийлөгч Прабово Субианто хууль тогтоогчдод олгодог хэд хэдэн хөнгөлөлт урамшууллыг цуцлахаар болсныг өчигдөр зарлажээ.

Ингэхдээ тэр жагсагчдын зарим үйлдэл хэрээс хэтэрч, терроризмын хэмжээнд хүрснийг бас анхааруулсан байна.

Мөн тэрбээр цагдаа, зэвсэгт хүчинд дээрэм тонуул, бусдын эд хөрөнгөд халдах явдлыг таслан зогсоох даалгавар өгснөө мэдэгджээ.

зураг
 
Индонезын ерөнхийлөгч Прабово Субианто

Ням гарагт тус улсын сангийн сайд Сри Муляни Индраватигийн гэр дээрмийн халдлагад өртсөн байна.

Парламентын гишүүдийн сарын цалин хангамж 50 сая рупи ($3,030) буюу Жакарта хотын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бараг 10 дахин өндөр байдаг. Үүнийг өсгөх эрх баригчдын шийдвэр тэмцэл эхлэх үндсэн шалтгаан болсон юм.

Пүрэв гарагт нийслэлд болсон жагсаалын үеэр 21 настай таксины жолооч Аффан Курниаван цагдаагийн автомашинд дайруулж, амиа алдсан нь тэмцлийг улам хурцатгажээ.

Баасан гарагийн орой тэмцэгчид орон нутгийн хууль тогтоох байгууллагын байрыг галдан шатаах үеэр гурван хүний амь үрэгдсэн юм.

Ерөнхийлөгч Прабово болон цагдаагийн газрын дарга нар хүний амь үрэгдсэний төлөө олон нийтээс уучлал гуйж байв.

Үүний дараа цагдаагийн долоон албан хаагч мэргэжлийн ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр шалгагдаж эхэлжээ.

Гэсэн хэдий ч амралтын өдрүүдэд жагсаал үргэлжилж, Жакарта хотын төвд цагдаа нар хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна.

Энэ үеэр жагсагчид цагдаагийн байр руу молотов коктейль, тэсрэх бодис шидэж байжээ.

Парламентын гишүүдийн тусгай хангамжийг цуцлах амлалт жагсагчдыг тайвшруулах шинжгүй байна.

Зарим тэмцэгчид энэ амлалтыг “хангалттай биш” тул жагсаалаа үргэлжлүүлэхээр төлөвлөж буйг хэвлэлд ярьжээ.

Тэд иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх, татварыг бууруулах, авлигатай хийх тэмцлийг чангатгахыг нэмж шаардаж байна.

Өнгөрсөн оны аравдугаар сард тангараг өргөсөн ерөнхийлөгч Прабовогийн хувьд энэ үйл явдал анхны том сорилт болж байгаа юм.

Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улс орныхоо эдийн засгийг хөгжүүлж, тогтвортой байдлыг хангахаа амлаж байлаа.

Гэвч армийн генерал байхдаа хүний эрх зөрчсөн дуулианд олон удаа холбогдож байсан Прабово улс орноо өнгөрсөн дарангуйллын цаг үед буцааж болзошгүй байгааг сөрөг хүчнийхэн анхааруулдаг.

 

Эх сурвалж: BBC