Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Украинд цэргийн хүч илгээх “нарийвчилсан төлөвлөгөө” боловсруулж байгаа талаар Европын Холбооны удирдагч ярьжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Европын Комиссын ерөнхийлөгч, Польш улсын ерөнхий сайд нар

Ням гарагт “Financial Times” сонинд нийтлэгдсэн ярилцлагадаа Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен дайны дараах аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг болох олон үндэстний цэргийн хүчийг Украинд байрлуулах “нарийвчилсан төлөвлөгөө” боловсруулж байгааг мэдээлжээ.

“Ерөнхийлөгч Трамп үүнд АНУ-ын оролцоо байхыг амласан нь бидний эргэлзээг арилгасан. Энэ бол олон удаа, маш тодорхой нотлогдсон зүйл” гэж тэр хэлсэн байна.

Европын орнуудын хэдэн арван мянган цэрэг АНУ-ын удирдлага хяналтын систем, тагнуул, тандалтын механизмын дэмжлэгтэйгээр Украины нутаг дэвсгэрт байрлахыг фон дер Ляйен тайлбарлажээ.

Энэхүү зохицуулалтыг өнгөрсөн сард Вашингтонд болсон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын удирдагчдын уулзалтаар тохиролцсон юм байна.

Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар Парис хотод Германы канцлер Фридрих Мерц, Их Британийн ерөнхий сайд Кэйр Стармер,

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен зэрэг удирдагчид Украины асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болжээ.

Европын Холбоо саяхан батлан хамгаалах салбартаа 150 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын шинэ төлөвлөгөөг баталсан юм.

Үүнээс хамгийн их ашиг хүртэх улс Польш болж байгааг фон дер Ляйен ярилцлагынхаа үеэр хэлжээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ОХУ болон түүний холбоотон Беларусь улстай хил залгадаг Европын Холбооны зүүн жигүүрийн долоон улсаар тойрон айлчилсан юм.

Польш-Беларусийн хилийн шугамын дэргэд өндөр харуул хамгаалалтын дор зохион байгуулагдсан хамтарсан хэвлэлийн хурлын үеэр Польшийн ерөнхий сайд Дональд Туск “Тэр миний сонсохыг хүсэж байсан зүйлийг надад хэллээ. Ямар ч буулт байхгүй, хэн ч биднийг айлгахгүй” гэж мэдэгджээ.

Хэдийгээр хилийн цаана Беларусийн цэргийн хүч байрласан тухай мэдээ ирж байсан ч хэвлэлийн хурал болох газрыг өөрчлөхөөс фон дер Ляйен татгалзсаныг тэр энэ үеэр бас дуулгасан юм.

Украин, ОХУ-тай хил залгадаг НАТО-гийн гишүүн Польш улс нь эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад батлан хамгаалах салбарын зарцуулалтаар Европын Холбооны гишүүдийг тэргүүлдэг.

Үүний улмаас тус улсын төсвийн алдагдлын хэмжээ Европын Холбооны 27 гишүүн орны дотор хамгийн өндөрт тооцогддог юм.

Аюулгүй байдлын асуудалд бага хүчин чармайлт гаргаж байгаа Европын холбоотнуудаа АНУ-ын ерөнхийлөгч Трамп шүүмжилсний дараа өнгөрсөн зургаадугаар сард НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалах төсвөө дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьд хүргэхээр тохиролцож байв.

Зөвхөн 2025 онд тус эвслийн орнууд нийтдээ $1.5 их наядыг батлан хамгаалах үйлсэд зарцуулахаар төлөвлөөд байна.

 

Эх сурвалж: AFP