Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Аргентины судлаачид морин поло спортод зориулан дэлхийн анхны генийн өөрчлөлттэй адууг гаргаж авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Аргентины судлаачид морин поло спортын “Polo Pureza” нэртэй алдарт хүлгийг хувилах замаар таван унага төрүүлсэн нь одоо 10 сар хүрчээ.

Гэхдээ тэднийг зүгээр нэг хувилаагүй, дэлхийд анх удаа орчин үеийн CRISPR технологийг ашиглан генийг нь өөрчилж, илүү сайжруулсан юм байна.

“Бидний хийсэн зүйл бол энэ амьтныг ойрын зайд илүү хурдтай давхидаг болгосон” гэж Kheiron Biotech компанийн үүсгэн байгуулагчдын нэг, захирал Габриэл Викера ярьжээ.

Тус компани ген засварлах технологийг морин поло спортод хувьсгал авчрах ач холбогдолтой гэж үзэж байгаа юм байна.

“Поло Пуреза бол холын уралдааны морь шиг булчинлаг бүтэцтэй биетэй амьтан. Ийм морьд хол зайд ядралгүй давхидаг ч богино зайд тэсрэх хүч дутдаг. Бид булчингийн массыг зохицуулдаг миостатины генийн дарааллыг өөрчилж чадсан. Энэ нь хурдан агшдаг хоёрдугаар төрлийн шөрмөснүүдийн хувь хэмжээг нэмэгдүүлэх боломж өгсөн юм” гэж Викера тайлбарлажээ.

Одоо гол асуудал нь морин поло спортын холбоо генийн өөрчлөлттэй морьдыг тэмцээнд оролцуулахыг зөвшөөрөх эсэх юм байна.

Төв Азиас гаралтай морин полог анх Британийн цагаачид Аргентинд дэлгэрүүлж, анхны поло клубийг 1882 онд Буэнос-Айрес хотод байгуулж байжээ.

Одоо Аргентиныг энэ спортын дэлхийн нийслэл гэж үздэг.

Морин поло бол өндөр зардалтай, тансаг ангиллын спортын төрөл. Тоглогч бүр арав гаруй морьтой байдаг бөгөөд газар эзэмшдэг чинээлэг гэр бүлүүд энэ спортод давамгайлдаг.

Хэдийгээр Аргентин улс үржлийн янз бүрийн технологиудыг, тэр дундаа элит үүлдрийн адууны үржүүлгийг эртнээс дэмжиж ирсэн ч пологийн холбоо нь генийн засвартай морь тэмцээнд оролцуулахыг хориглодог юм.

Аргентины зарим адуу үржүүлэгчид хувилах арга нь адууны үүлдэр гарлыг хадгалж үлдэхэд тустайг хүлээн зөвшөөрдөг ч генийн засварыг эсэргүүцдэг байна.

“Ийм морьдын эсрэг тоглох нь бусдад асар том сул тал болно гэж боддог” гэж тэдний нэг, пологийн тамирчин Тобиас Торредрадо ярьжээ.

Гэхдээ Kheiron компанийн үүсгэн байгуулагчдын нэг Даниэл Саммартино хэзээ нэг цагт пологийн салбарынхан үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна.

“Эдгээр морьдыг эцэстээ энгийн морьтой адил үздэг болно гэж би бодож байна. Энэ бол ердийн зүйл болох ёстой” гэж тэр хэлсэн юм.

Адуу үржүүлэг нь Аргентинд томоохон бизнест тооцогддог. 2024 онд тус улс 2,400 орчим поло морь гадаадад экспортолсныг засгийн газраас гаргасан тоо баримт харуулж байна.

2010 онд хувилсан нэг адуу $800,000-аар зарагдахад тухайн үед биотехнологийн салбарт докторын зэрэг хамгаалахаар ажиллаж байсан Викера анх бизнесийн санаагаа олж байжээ.

Улмаар тэр Kheiron Biotech компанийг Саммартинотой хамтран байгуулж, 2013 онд анхны хувилсан адуугаа гаргасан байна.

Үүнээс хойш дөрвөн жилийн дараа тэд генийн өөрчлөлттэй анхны адууны үр хөврөлийг гарган авч байжээ.

Ингээд энэ ажлын үр дүн өнгөрсөн оны сүүлээр гарч, таван унага төрүүлсэн юм байна.

Аргентины биотехнологийн зохицуулах дээд байгууллага тэдгээр унаганууд генийн өөрчлөлттэй төрснийг албан ёсоор баталжээ.

Харин тус улсын пологийн холбоо унагануудыг дөрвөөс таван жилийн хугацаанд ажигласны дараа тэмцээнд оролцох эрх өгөх эсэхээ шийдвэрлэхийг Kheiron компанид мэдэгдсэн юм байна.

“Би үүнтэй санал нийлэхгүй байна. Ердийн адуу гэдгийг батлахын тулд дөрөв, таван жил хүлээх юм уу? Өнөөдөр ч үүнийг мэдэж болно. Генетикийн сэргээш өнөөдөр нэгэнт тодорхой болсон зүйл. Үүнээс ялгаатай юм гэж үү?” гэж Саммартино энэ талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Reuters