Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Йемений босогчдын засгийн газрын ерөнхий сайд болон бусад сайд нар Израилийн агаарын цохилтод амь үрэгджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Йемений хусит босогчид өчигдөр засгийн газрын ерөнхий сайд нь Израилийн агаарын цохилтын үеэр амь үрэгдсэнийг зарлажээ.

Өнгөрсөн онд энэ албан тушаалд томилогдож байсан Ахмед Галеб Нассер Аль-Рахави нь Пүрэв гарагт болсон Израилийн агаарын довтолгооны үеэр алагдсан өндөр албан тушаалтнуудын нэг байсан юм байна.

Газын зурваст дайн эхэлснээс хойш Ойрх Дорнод дахь Ираны холбоотнуудын хэд хэдэн өндөр албан тушаалтан Израилийн ажиллагааны улмаас амь үрэгдсэний сүүлийнх нь Аль-Рахави болжээ.

Палестинчуудтай эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулах зорилгоор Улаан тэнгисээр дайран өнгөрөх худалдааны хөлөг онгоцнуудад халдах болсон Хусит босогчдын эсрэг Израиль улс сүүлийн хэдэн сарын турш агаараас байлдааны ажиллагаа явуулж байгаа.

“Манай дайчин Ахмед Галеб Нассер Аль-Рахави болон түүний хэд хэдэн сайд Израилийн гэмт халдлагад өртөн амиа алдсаныг бид үүгээр зарлаж байна” гэж Хуситууд мэдэгдэлдээ бичжээ.

Мэдэгдэлд цааш нь “Дунд болон хүнд хэмжээнд шархадсан бусад хүмүүс Пүрэв гарагаас хойш эмнэлэгт эмчлүүлж байна” гэжээ.

Пүрэв гарагт Израилийн зэвсэгт хүчин “Хусит террорист дэглэмийн цэргийн байгууламжуудад довтоллоо” гэж мэдээлсэн бол Йемений босогчид тухайн үед ямар нэг хохирлын тухай мэдээлээгүй өнгөрсөн юм.

Ерөнхий сайд болон бусад сайд нарыг “сүүлийн нэг жилийн засгийн газрын үйл ажиллагаа, гүйцэтгэлийг үнэлэх хуралд оролцож байх үед” халдлага болсныг Хуситууд мэдээлжээ.

Өмнө нь босогчдын захиргаанд байгаа боомт, цахилгаан станц зэрэг дэд бүтцийг онилдог байсан Израилийн байлдааны ажиллагааны стратеги өөрчлөгдсөн нь энэ үйл явдлаас харагдаж буйг АНУ-д амьдардаг Йемений шинжээч Мохаммед Аль Баша тайлбарласан байна.

Аль-Рахави хамгийн сүүлд Лхагва гарагт нийслэл Сана хотод засгийн газрынхаа зохион байгуулсан олон нийтийн арга хэмжээнд оролцож байжээ.

Тэрбээр хуситуудын хяналтад байгаа Йемений өргөн уудам газар нутгаас биш, тус улсын өмнөд Абян мужаас гаралтай хүн байсан юм.

Хусит босогчид Йемений албан ёсны засгийн газрын хяналтад байгаа өмнөд бүс нутгийн ард иргэдийг өөртөө татахын тулд ерөнхий сайдаа тэндээс угшилтай хүмүүсээс томилдог уламжлалтай.

Аль-Рахави алагдсаны дараа шадар сайд Мохаммед Ахмед Мифтах ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсныг хуситууд зарлажээ.

1990-ээд оны үед Исламын улс төр, цэргийн бүлэглэл хэлбэрээр байгуулагдсан Хусит босогчид арав гаруй жилийн өмнө нийслэлийг оролцуулаад Йемений үлэмж хэмжээний газар нутагт хяналтаа тогтоосон юм.

Тус байгууллага нь Ойрх Дорнод дахь Ираны “эсэргүүцлийн тэнхлэг” хэмээх Израилийн эсрэг цэргийн эвсэлд багтдаг.

 

Эх сурвалж: AFP