Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Украины парламентын спикер асан буудуулж алагджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Украины парламентын спикер асан Андрей Парубий өчигдөр буюу Бямба гарагт тус улсын баруун бүсийн Львов хотод буудуулж алагджээ.

Зэвсэглэсэн этгээд экс спикерийг хэд хэдэн удаа буудаад оргон зайлсныг эрэн сурвалжилж байгаагаа Украины прокурорын ерөнхий газар мэдээлсэн байна.

Пагубий газар дээрээ нас баржээ.

2016 оны дөрөвдүгээр сараас 2019 оны наймдугаар сар хүртэл Украины хууль тогтоох байгууллага Дээд Радын даргын албан тушаалыг хашиж байсан тэрбээр өнөөдөр парламентын гишүүн байсан юм.

Палудий нь 2013-2014 онд Украинд дэгдсэн Европын Холбоотой ойр нягт харилцаа холбоо тогтоохыг шаардсан Евромайдан жагсаал тэмцлийн удирдагчдын нэг байжээ.

Тэрбээр бас 2014 оны хоёрдугаар сараас наймдугаар сар хүртэл хугацаанд буюу Украины дорнод хэсэгт салан тусгаарлах дайн эхэлж, Крымийн хойгийг Орос улс өөртөө хүчээр нэгтгэх үед Украины үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

Нэг үгээр хэлбэл тэр Украин улсыг Европын гэр бүлд нэгтгэх хүсэлтэй улс төрчдийн нэг байжээ.

Албаныхан энэ аллага одоо үргэлжилж буй Орос-Украины дайнтай шууд холбоотой эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

“Львовт гарсан аймшигт аллагын нөхцөл байдлын талаар анхны мэдээллийг дотоод хэргийн сайд Игорь Клыменко, ерөнхий прокурор Руслан Кравченко нар дөнгөж сая надад өглөө. Андрей Парубий амь үрэгджээ” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский сошиал хуудсаараа мэдэгджээ.

Тэрбээр Парубийн гэр бүл, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлээд “алуурчныг эрэн сурвалжлах ажилд шаардлагатай бүх хүч, арга хэрэгслийг ашиглаж байна” гэж нэмж мэдээлсэн байна.

Украины үндэсний цагдаагийн байгууллагын мэдээлснээр Львов хотод буун дуу гарсан тухай мэдээлэл 12:00 цагийн үед (Улаанбаатарын цагаар 17:00) иржээ.

Тус улсын ерөнхийлөгч асан Петро Порошенко парламентын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, тагнуулын байнгын хорооны гишүүн Парубийн амь насанд халдсаныг “Украины зүрх рүү буудсан хэрэг” гэж үзэж байгаагаа сошиал сүлжээнд илэрхийлсэн байна.

Украины армийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлсэн тэрбээр “Андрей бол аугаа хүн, жинхэнэ найз нөхөр байсан. Тийм ч учраас тэд түүнээс айж, өшөөгөө авч байна” гэж мэдэгджээ.

Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига мэдэгдэлдээ Парубийг “Украины эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалах үйлсэд асар их хувь нэмэр оруулсан эх оронч, төрийн зүтгэлтэн байлаа. Тэр бол түүхэнд зүй ёсоор бичигдэх ёстой хүн” гэж бичсэн байна.

Украины ерөнхий сайд Юлия Свириденко улс оронд нь “томоохон гарз” учирсныг онцлоод хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, алуурчныг илрүүлэхийг холбогдох байгууллагуудад уриалжээ.

 

Эх сурвалж: Reuters