Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Садар самуун сайтад өөрийнх нь зураг нийтлэгдсэнийг “жигшин зэвүүцэж” байгаагаа Италийн ерөнхий сайд мэдэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өөрийнх нь болон бусад эмэгтэйчүүдийн гэрэл зураг садар самуун сурталчилдаг вэб сайтад нийтлэгдсэнийг “жигшин зэвүүцэж” байгаагаа Италийн ерөнхий сайд Жоржа Мелони өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр гэмт этгээдүүдийг яаралтай илрүүлж, хамгийн хатуу шийтгэл оноохыг энэ үеэр уриалсан байна.

Италийн порнограф контентын платформ Phica дээр Мелонигаас гадна түүний эгч Арианна болон сөрөг хүчний удирдагч Элли Шлейн зэрэг улс төрч эмэгтэйчүүдийн хиймэл оюуны технологийн тусламжтай засварласан зургууд илэрсэн юм.

Пүрэв гарагт тус платформыг хаахад 700,000 гаруй бүртгүүлсэн хэрэглэгчтэй байжээ.

Нийтлэгдсэн гэрэл зургуудад тэдний биеийн зарим хэсгийг ил гаргаж, бэлгийн харилцаанд орж буй байдлаар дүрсэлсэн байв.

Энэ долоо хоногт хэд хэдэн алдартай эмэгтэй Phica болон бусад ижил төстэй платформууд дээр зураг нь нийтлэгдсэнийг зарласан юм.

“Би болсон явдлыг жигшин зэвүүцэж байна. Гомдсон, доромжлогдсон, хүчирхийлэлд өртсөн бүх эмэгтэйчүүдтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, тэдэнд дэмжлэг үзүүлэхийг би хүсэж байна” гэж Мелони өчигдөр Corriere della Sera сонинд ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Нэрээ нууцлаад дэлгэцийн араас эмэгтэй хүний нэр хүндийг уландаа гишгэж, бүдүүлэг үг хэллэгээр доромжилж, хүйсээр ялгаварлан гадуурхахыг хэвийн, хууль ёсны зүйл гэж боддог хүмүүс 2025 онд байсаар байгаа нь урам хугалж байна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Мета компани өөрийн эхнэр болон бусад танихгүй эмэгтэйчүүдийн нүцгэн гэрэл зургийг хоорондоо солилцдог эрэгтэйчүүдийн Mia Moglie (Миний эхнэр) нэртэй фэйсбүүк хуудсыг хаасан юм.

Итали хэлээр үтрээ гэх үгийн алдаатай бичлэгээр нэрлэгдсэн Phica сайт 2005 онд нээгдсэнээсээ хойш эмэгтэйчүүдийн гомдлыг үл харгалзан ажилласаар байжээ.

Харин сүүлийн тохиолдолд зүүн төвийн үзэл баримтлалтай Ардчилсан Намын хэд хэдэн эмэгтэй улс төрч гомдол гаргасны дараа цагдаагийн байгууллага тус платформыг шалгаж эхэлсэн юм.

Тэдний засварласан гэрэл зургууд тус платформын VIP хэсэгт байрлаж байжээ.

“Гэм хоргүй контентууд ч буруу гарт орохоороо аймшигтай зэвсэг болж хувирдаг. Бид бүгд үүнийг мэдэж байх ёстой” гэж хэлсэн Мелони гэм буруутай этгээдүүдэд хамгийн хатуу шийтгэл оноох ёстойг анхааруулсан байна.

2019 онд нийтлэгдсэн Миланы Их сургуулийн судалгааны тайланд Италийн эмэгтэйчүүдийн 20 хувь нь ямар нэг байдлаар ил задгай гэрэл зургаа бусдад зөвшөөрөлгүй ашиглуулсан байдаг талаар мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: AFP