Тайландын үндсэн хуулийн шүүх өчигдөр орой тус улсын ерөнхий сайд Паетонгтарн Шинаватраг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Дээд шүүх долдугаар сарын нэгэнд Паетонгтарныг ерөнхий сайдын албан тушаалаас түдгэлзүүлж, өөрийгөө өмгөөлөх хугацаа өгч байсан юм.
Өнгөрсөн хугацаанд тэр шүүхэд өөрийгөө буруугүйг батлах хангалттай баримт гаргаж чадаагүй тул ийнхүү огцорч байна.
Паетонгтарн 2024 оны наймдугаар сард Тайландын түүхэнд хамгийн залуу ерөнхий сайдаар томилогдож байсан ч ердөө нэг жил орчим хугацааны дараа огцорлоо.
Тэрбээр Тайландын улс төрд асар их нөлөөтэй Шинаватрагийн гэр бүлийн гишүүн юм. Түүний аав болон авга эгч нар өмнө нь бас ерөнхий сайдаар ажиллаж байсан.
Шүүх Паетонгтарныг хөрш Камбож улсын дефакто удирдагч, ерөнхий сайд асан Хун Сентэй хоёр улсын хооронд дэгдсэн хилийн мөргөлдөөний асуудлыг утсаар ярихдаа ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Уг ярианы бичлэг зургаадугаар сарын дундуур нийтэд задарсны улмаас Тайландад томоохон дуулиан дэгдэж байв.
Паетонгтарн хөршийнхөө удирдагчийг “авга ах” хэмээн өргөмжилж, Камбожийн цэргийн амь насыг үрэгдэхэд хүргэсэн Тайландын армийн удирдлагыг шүүмжлэн ярьсан нь энэ бичлэгээс ил болсон юм.
Мөн Паетонгтарн “ямар нэг зүйл хэрэгтэй бол надад хэлээрэй, би зохицуулж өгнө” гэж Хун Сенд хэлсэн нь түүнийг буруутгах гол шалтгаан болжээ.
Шүүх түүнийг утсаар ярихдаа “шударга, үнэнч байдал харуулаагүй, ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн байна.
Хун Сен ярианы бичлэгийг Камбожийн улс төрийн дээд хүрээнийхэнд сонсгох үеэр хэн нэг нь гадагш задруулсан юм.
Энэ дуулиан Тайланд, Камбожийн аль аль талд улс төрийн хямрал үүсгэж, үндсэрхэг үзлийг дэвэргэснээр долдугаар сарын сүүлээр хоёр улсын хооронд таван өдөр үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн гарч байв.
Үүний улмаас энгийн иргэд голдуу 38 хүний амь үрэгдэж, олон зуун мянган хүн орон гэрээсээ дүрвэхэд хүрсэн юм.
Ярианы бичлэг нь задарсны дараа Паетонгтарн ард түмнээсээ уучлал гуйж, хурцадмал байдлыг намжаахын тулд хөрш орныхоо удирдагчид тал засах хэлэлцээний тактик хэрэглэснээ тайлбарлаж байв.
Өчигдөр шүүхийн шийдвэр гарсны дараа тэр “Энэ бол манай орны улс төрд гэнэтийн өөрчлөлт авчирсан шүүхийн шийдвэр юм. Тай хүнийхээ хувьд би улс үндэстэн, шашин шүтлэг, хаандаа хайртай. Надад мэдлэг, туршлага өгсөн бүх хүмүүст баярлалаа” гэж мэдэгдсэн байна.
Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр тогтворгүй байдлаараа алдартай Тайландын улс төрд шинэ хуудас нээж байгаа юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд тус улсын хоёр ч ерөнхий сайд огцорч, сонгуульд ялсан нэг нам тарж байлаа.
Үүнээс өмнө 2014 онд төрийн эрхийг хүчээр булааж авсан армийн генерал Прают Чан О Ча ерөнхий сайдаар есөн жил ажилласан юм.
Паетонгтарны авга эгч Инглук Шинаватра дээрх цэргийн эргэлтийн улмаас ерөнхий сайдын албан тушаалаа алдаж байв.
Түүний эцэг Таксин Шинаватра мөн цэргийн эргэлтээр ерөнхий сайдын албан тушаалаас огцорсныхоо дараа авлигын хэргээ шүүлгэхээс зугтаж, 2006 оноос хойш 15 жил гадаадад цагаачлан амьдарч байлаа.
Паетонгтарны бас нэг авга Сомчай Вонгсават 2008 онд хэсэгхэн хугацаанд ерөнхий сайдаар ажиллаад мөн шүүхийн шийдвэрээр огцорч байжээ.
Паетонгтарны өмнөх ерөнхий сайд Сретта Тависин мөн л үндсэн хуулийн шүүхийн шийдвэрээр огцорсон юм.
Одоо шинэ ерөнхий сайд томилогдох хүртэл Паетонгтарны танхимын сайд нар үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад дараа нь бүрэн бүрэлдэхүүнээр огцрохоор болж байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!