Өчигдөр буюу Баасан гарагт тусгай прокурорын баг Өмнөд Солонгосын экс тэргүүн хатагтай Ким Кон Хийг улс төрийн санхүүжилтийн хууль зөрчсөн, авлига авсан, хувьцааны хууль бус арилжаанд оролцсон хэргүүдэд яллагдагчаар татжээ.
Энэ бол тус улсын түүхэнд ерөнхийлөгч асан хүний гэр бүлийн хүнд ял тулгасан анхны тохиолдол болж байна.
Тэрбээр наймдугаар сарын 12-ны өдөр хоригдохдоо мөн Өмнөд Солонгосын түүхэнд гэмт хэргийн улмаас баривчлагдсан анхны тэргүүн хатагтай болж байв.
Түүний нөхөр, ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл одоо 2024 оны арванхоёрдугаар сард улс орондоо цэргийн дэглэм тогтоох гэсэн хууль бус оролдлогын улмаас шоронд хоригдож байгаа.
Ингэснээр Юн Сүк Ёл, Ким Кон Хи хоёр хоёул шүүгдэхээр болж байна.
Прокурорын багийн мэдээлснээр экс тэргүүн хатагтайг гурван том гэмт хэрэгт буруутгаж байгаа ажээ.
Нэгдүгээрт, тэрбээр 2010-2012 оны хооронд Deutsch Motors компанийн хувьцааны хууль бус арилжаанд оролцож, 8 тэрбум воны ($5.7 сая) ашиг олсонд буруутгагдсан байна.
Хоёрдугаарт, Юн тэр хоёр 2021-2022 онд улс төрийн санал асуулга захиалж, зохион байгуулуулахдаа 2.7 тэрбум воны төлбөрийг төлөөгүй гэгдэж байна.
Гуравдугаарт, тэр Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагын бизнест туслахын тулд бөө Жон Сон Бэ гэгчээр дамжуулан 800 сая воноор үнэлэгдэх алмаазан зүүлт, Chanel брэндийн цүнх зэргийг авсанд буруутгагджээ.
Эдгээрээс гадна тэргүүн хатагтай асантай холбоотой өөр авлигын хэргүүдийг үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.
Гэмт хэргийн баримтыг устгаж болзошгүй үндэслэлээр наймдугаар сарын 12-нд баривчлагдсанаасаа хойш Ким Кон Хи таван удаа байцаагдсан ч ихэнхдээ дуугүй байх эрхээ эдэлсэн гэнэ.
Гэсэн хэдий ч прокурорууд гүйлгээний болон харилцаа холбооны баримтууд, бусад хүмүүсийн мэдүүлгийг ашиглан нотлох баримтуудыг баталгаажуулснаа мэдээлжээ.
Юн Сүк Ёлыг ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Ким Кон Хи дээрх хэргүүдэд холбогдож байсан ч эрх мэдэл, нэр нөлөөгөө ашиглан шалгуулахаас хэд хэдэн удаа зайлсхийж байв.
Юний засаглалын хугацаанд Өмнөд Солонгосын улс төрийн хүрээнийхэн тэргүүн хатагтайг V0, нөхрийг нь V гэсэн түлхүүр үгээр нэрлэдэг байсан гэдэг. V бол VIP гэсэн үгийн товчлол бөгөөд улс төрчдийн дунд өндөр албан тушаалтнуудын талаар ярихдаа ашигладаг албан бус нэр томьёо юм байна. Дээрх нэршлээс харвал тэргүүн хатагтайг нөхрөөсөө илүү нөлөөтэй хүн гэж үздэг байжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!