Оросын эзлэн түрэмгийлэх дайныг зогсоох хүчин чармайлт нь зогсонги байдалд орсон АНУ-ын засаг захиргаа Украин улсад $825 саяын дүнтэй зэр зэвсэг худалдах шийдвэр гаргажээ.
Тухайлбал 3,350 ширхэг ERAM (Extended Range Attack Munition) агаараас харвах алсын тусгалын далавчит пуужин, 3,350 ширхэг GPS навигацийн систем болон тэдгээрийн эд ангиуд, нэмэлт хэрэгсэл, сургалт, техникийн дэмжлэг зэргийг нийлүүлэхээр болсныг АНУ-ын төрийн департамент өчигдөр зарласан байна.
Зэр зэвсгийн төлбөрийг НАТО-гийн гишүүн Дани, Нидерланд, Норвеги улсууд болон АНУ-ын цэргийн гадаад санхүүжилтийн сан гаргахаар болжээ.
“Энэхүү нийлүүлэлт нь Европ дахь улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн ахиц дэвшилд түлхэц болох түнш орнуудын аюулгүй байдлыг сайжруулах замаар АНУ-ын гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын зорилтуудыг хангахад оршиж байна” гэж төрийн департамент мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг зогсоохын тулд нэлээд хүчин чармайлт гаргаж байгаа ч уг дайныг эхлүүлсэн Орос улс сүүлийн өдрүүдэд Украины эсрэг агаарын довтолгоогоо улам эрчимжүүлж байгаа.
Хамгийн сүүлд Пүрэв гарагт Украины нийслэл Киев хот томоохон агаарын довтолгоонд өртсөн юм.
Энэ сарын эхээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленский хэлэхдээ Европын холбоотнууд нь АНУ-аас $1.5 тэрбумын зэр зэвсэг худалдан авч нийлүүлэхээр болсныг зарлаж байв.
Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын засаг захиргаа Украинд хоёр хэсэг багц зэр зэвсэг нийлүүлсэн юм.
Үүний $322 саяын багц нь агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг сайжруулах, хуягт байлдааны машинууд нийлүүлэх байсан бол $330 саяын багц нь агаарын довтолгооноос хамгаалах систем, өөрөө явагч их бууны засвар үйлчилгээнд зориулагдсан байна.
ERAM пуужинг Украинд нийлүүлэх асуудал 2024 онд анх яригдаж эхэлжээ.
Энэ бол 463 км тусгалтай, Mach 0.6 хурдтай (дууны хурдны 60 хувь), харьцангуй хямд өртөгтэй, агаар-газар ангиллын зэвсэг юм. Мэргэжилтнүүд үүнийг одоогийн Украины нөхцөл байдалд хамгийн тохирсон, практик ач холбогдолтой зэвсэг гэж үзэж байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!