Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Монголхүү: Х.Баттулга МоАХ-ны тамга тэмдгээ өгөхгүй өнөөдрийг хүртэл явж байна. 2023 онд энэ хүнийг албан ёсоор огцруулсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Ардчилсан Холбоо (МоАХ)-ны дарга Д.Монголхүү нарын гишүүд цаг үеийн асуудлаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл өглөө.

МоАХ-ны гишүүн Л.Ганхөлөг "2023 онд МоАХ-ны анхдагч гишүүд өөрсдийн санал санаачилгаар хуран чуулж, тавдугаар их хурлыг хуралдуулсан. Тухайн үеийн тогтоол шийдвэрээр Х.Баттулга гэдэг хүнд хариуцлага тооцож, огцруулах хэрэгтэй, дараагийн даргаар Д.Монголхүүг 99 хувийн саналаар сонгосон.

Энэхүү шийдвэр хууль ёсных гэдгийг тогтоолгохоор шүүхийн байгууллагад хандсан. Өнгөрсөн хугацаанд үүнтэй холбоотой хэд хэдэн зөрчил дутагдал гарсан учраас засах нь зүйтэй гэж үзсэн. МоАХ-оос төрж гарсан олон хүчин байдгийн нэг нь Ардчилсан Нам юм" хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн МоАХ-ны дарга Д.Монголхүү "МоАХ нь надаас өмнө нийт 7 даргатай байсан. Нэг нь цаг бусаар тэнгэрт дэвшсэн. 2023 оны тавдугаар их хуралд амьд байгаа зургаан даргын дөрөв, үүсгэн байгуулагч, гишүүд дэмжигчид ирсэн. 2007 оноос хойш огт солигдохгүй явсан Х.Баттулга гэдэг хүнийг албан ёсоор огцруулсан. Үүнээс хойш Х.Баттулга тамга тэмдгээ өгөхгүй өнөөдрийг хүртэл явж байгаа. 

Захиргааны хэргийн гурван шүүхээр явсан. Анхан шатны шүүх дээр энэ асуудлыг хэлэлцэхгүй гэхэд нь давж заалдаад хэлэлцэхээр болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч нь Х.Баттулга ерөнхийлөгчийн албаа өгөхийн өмнөх өдөр шүүгчээр томилсон хүн байж таарсан.

Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр МоАХ-ны бүртгэл нь нэг хүний хувийн компани байдлаар бүртгэгдсэн байгаа хууль бус бүртгэлийг цуцалж өгөх нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Хуучин тогтолцооны гэж болохуйц ах нарын үеийн улс төрчдөөс ганц үлдсэн нь Х.Баттулга байна. Энэ хүн хэдий болтол МоАХ-г нохойн замаар чирч явах гэж байгаа юм бэ.

Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хосолмол тоглолтоос үүдэж өнөөдрийн ийм дарангуйлал үүссэн. Үүнийг засаж залруулах нь МоАХ-ны гол зорилт болоод байгаа" гэв.