Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Жүдогийн өсвөрийн ДАШТ-ээс Баярзулын Хулан хүрэл медаль зүүв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Болгарын нийслэл Софи хотод энэ сарын 27-ноос 30-ныг дуустал жүдогийн өсвөрийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) болж байна.

Нийт 71 орны 551 тамирчин (294 хөвгүүд, 257 охид) оролцож байгаа тус тэмцээнд Монголын шигшээ баг 20 хүний бүрэлдэхүүнтэй өрсөлдөж буй. 

Тэгвэл охидын 40 кг-ын жинд зодоглосон Баярзулын Хулан хүрэл медаль хүртжээ. Тэрбээр эхний даваанд Казахстаны Ульяна Прьяхинаг ялаад шөвгийн наймд Узбекистаны Алина Колучевад дийлдсэн юм.

Улмаар дагах тойрогт Алжирын Чираз Надиныг цэвэр ялж, хүрлийн төлөө ОХУ-ын Эмилья Сайфудиноваг буулган авснаар медалийн тавцанд гарлаа.

Өчигдөр өндөрлөсөн тэмцээний эхний өдөр Узбекистан гурван жинд аваргалсан бол Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ын нэрээр уг тэмцээнд хүч сорьсон ОХУ-ын тамирчдаас нэг алт, нэг хүрэл, Турк хоёр мөнгө, Бразил, Итали тус бүр нэг мөнгө, Азербайжан, Польш, Монгол, Литва, Казахстан, Хятадын Тайпэй, Бельгийн тамирчид хүрэл медаль хүртсэн юм.