Турк улсын хойд бүс нутагт хуримын ёслолын буудлагын үеэр сүйт залуу тэнэсэн суманд оногдон шархдаж, удалгүй нас барсан эмгэнэлтэй хэрэг гарчээ.
Хуримын дараа хос залуусыг гэрт нь хүргэх замд сүйт бүсгүйн талын нэг хамаатан эмэгтэйн бууны суманд 23 настай Али оногдсоныг тус улсын Анадолу агентлаг мэдээлсэн байна.
Аюулаас хамгаалах албаныхан буудсан эмэгтэйг баривчилж шалгахад гэрээс нь зөвшөөрөлгүй хоёр ширхэг гар буу олджээ.
Прокурорууд Гиресун мужийн Шебинкарахисар хотод гарсан энэ хэргийг шалгаж эхэлсэн талаар Анадолу агентлаг нэмж мэдээлсэн байна.
Турк улсын Хар тэнгисийн эрэг дагуу бүс нутагт хуримын үеэр ёслолын буудлага үйлдэх уламжлал түгээмэл байдаг.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын зүүн хойд Трабзон мужийн нутагт хуримын өмнө болсон буудлагын үеэр нэг хүн алагдаж, хоёр хүн шархадсан ижил осол гарч байв.
Эрх баригчид хуримыг цуцалж, хоёр хүнийг саатуулсны нэг нь цагдаагийн ажилтан байсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!