Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/28-НД НИЙТЛЭГДСЭН

Гринланд аралд явуулсан нууц ажиллагаагаа тайлбарлахыг Дани улс АНУ-аас шаардана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой гурван хүн Гринланд арлын оршин суугчдын санаа бодолд нөлөөлөх зорилготой нууц ажиллагаа явуулж байсан нь илэрснийг Дани улсын төв телевиз өчигдөр мэдээлжээ.

Үүний дараа тус улсын гадаад хэргийн яам АНУ-ын засаг захиргаанаас энэ талаар тайлбар шаардахаар болсон байна.

Дэлхийн хамгийн том аралд тооцогддог Гринланд нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын сонирхлыг татсаар байгаа.

Трамп өмнө нь тус арлыг Дани улсаас худалдаж авах санал тавьж, сүүлд зэвсгийн хүчээр АНУ-д нэгтгэх санааг хүртэл илэрхийлж байлаа.

Тэгвэл өчигдөр Данийн DR олон нийтийн телевизийн суваг Трампын ойрын хүрээний гурван хүн Гринланд арлын оршин суугчдын санаа бодолд нөлөөлөх зорилготой нууц ажиллагаа явуулж байсан нь илэрсэн тухай аюулаас хамгаалах байгууллагын эх сурвалжуудаас уламжлан мэдээлсэн юм.

Тэдгээрийн нэг нь Америкт талтай болон Трампыг эсэргүүцэгч Гринландчуудын нэрсийг цуглуулж, Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дани улсыг муухай харагдуулах баримт цуглуулж байжээ.

Нөгөө хоёр хүн нь орон нутгийн улс төрчид, бизнес эрхлэгчид, энгийн иргэдтэй холбоо тогтоохыг оролдож байсан гэнэ.

Тэдний эцсийн зорилго нь Гринландын олон нийт болон Дани улсын хоорондын харилцааг сулруулах байжээ.

Гэхдээ DR суваг тэдгээр хүмүүсийг өөрсдийн санаачилгаар, эсвэл хэн нэгний даалгавраар ажиллаж байсныг мэдэх боломжгүй байгаагаа мэдээлсэн байна.

Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээлэл өгсөн эх сурвалжуудын нэрсийг нууцлахаар шийдсэнээ тайлбарлажээ.

“Гаднын тоглогчид Гринланд арал болон түүний Данийн Хаант Улс дахь байр суурийг сонирхсоор байгааг бид мэдэж байна. Тиймээс бид ойрын үед хаант улсын ирээдүйд нөлөөлөх гэсэн янз бүрийн оролдлоготой тулгарахад гайхаад байх зүйл биш юм. Гэхдээ хаант улсын дотоод хэрэгт оролцох аливаа оролдлогыг хүлээн зөвшөөрөх боломжгүй нь мэдээж” гэж Данийн гадаад хэргийн сайд Ларс Локке Расмуссен мэдэгдсэн байна.

Тэрбээр АНУ-ын хэргийг түр хамаарагчийг Данийн гадаад хэргийн яаманд дуудан уулзаж, тайлбар шаардахаар болсныг энэ үеэр мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press