Засгийн газрын ээлжит хуралдаанаас Аялал жуулчлалын хөгжлийн төвийг татан буулгах шийдвэр гаргажээ. Мөн зарим байгууллагыг нэгтгэсэн байна.
Тодруулбал, Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт, ”Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК-ийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д нэгтгэж, Аялал жуулчлалын хөгжлийн төв төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгахаар шийдвэрлэсэн байна. Тус шийдвэртэй холбогдуулан хийх ажлын талаар буюу төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд эхний ээлжид хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тогтоолд тусгажээ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн чиг үүргийг оновчтой тогтоож давхардлыг арилгах, удирдах албан тушаалтны тоог бууруулах замаар бүтцэд өөрчлөлт оруулж, орон тоог 10-аас доошгүй, зардлыг 10-15 хүртэлх хувиар хэмнэх боломжтой гэж үзээд төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, үр ашиг, өгөөжид дүн шинжилгээ хийж, үр ашиггүй, алдагдалтай ажиллаж буй хуулийн этгээдийг шилжүүлэх, өөрчлөн байгуулах, татан буулгах болон компани, үйлдвэрийн газруудын орлого, үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг сайжруулах чиглэлээр санал гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд дэргэдээ цайны газар, зочид буудал, хэвлэх үйлдвэр, сувилал, эмнэлэг, сургууль гэх мэт нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж, үндсэн бус үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлж байна. Иймд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нийгмийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа салбар, нэгжийг өөрчлөн зохион байгуулах, чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, эсхүл бие даасан хуулийн этгээдийн хэлбэрт шилжүүлэх, түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх, цаашид ашиглахад зардал өндөр, үр ашиггүй, хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдан борлуулах ажлыг үе шаттай зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!