Говийн бүсэд хэрэгжиж буй Оюутолгой төсөл болон бусад томоохон бүтээн байгуулалт, уул уурхай, аж үйлдвэрийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй "Оюутолгой" ХХК, "Эрдэнэс Оюутолгой" ХХК нь Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнтэй хамтран Говийн бүсийн хөгжлийн талаарх хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр Төрийн ордонд байгууллаа.
Энэхүү санамж бичгийн байгуулснаар Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэх, говийн бүсийн хөгжлийг хурдасгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй юм. Хамтын ажиллагааны хүрээнд Оюу толгой ордыг ашиглах тухай Хөрөнгө оруулалтын гэрээний дөрөвдүгээр бүлэг, "Байгаль орчин, нийгэм, засаглалын Түншлэлийн гэрээ"-нд тусгасан чиглэлээр Говийн бүсийн хөгжлийг дэмжих тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, бүс нутгийн хөгжилд оруулах "Оюу толгой" компанийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилт тавьж буй аж.
"Оюу толгой" компани нь үйл ажиллагаа явуулсан 15 жилийн хугацаанд Өмнөговь аймаг төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд энэхүү санамж бичиг байгуулагдсанаар цар хүрээ нь тэлж бүс нутгийн хэмжээнд үзүүлэх эерэг нөлөө нэмэгдэх ач холбогдолтой юм.
Говийн бүсийн аймгуудын орон нутгийн хөгжлийн төвүүдийн эдийн засгийн тэргүүлэх чиг үүргийг тодорхойлж, таталцах сумдтай нь "кластер"-аар хөгжүүлэх урт хугацааны бодлогыг боловсруулах, мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумыг эдийн засгийн чадамж бүхий хот болгон хөгжүүлэхэд хамтран ажиллана.
Түүнчлэн мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчдын жишиг хоршоодыг хөгжүүлж, сайн туршлагыг Говийн бүсэд түгээн дэлгэрүүлэхээр төлөвлөсөн.
Говийн бүсийн хүн амын ундны болон ахуйн усны чанарын судалгааг үе шаттайгаар зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, газрын гадарга доорх усны нөөцийн судалгааг үе шаттайгаар хийхэд хамтран ажиллах аж. Эдгээр санаачилга нь бүс нутгийн тогтвортой хөгжилд түлхэц үзүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцоллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!