Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистаны эрх баригчид соёл урлагийн ажилтнууддаа жин хасах хугацаат даалгавар өгчээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Туркменистан баруун бүсийн Балкан мужийн эрх баригчид соёл урлагийн байгууллагуудынхаа уран бүтээлчдэд ирэх сарын сүүлээр тохиох тусгаар тогтнолын баярын өдөр хүртэл биеийн илүүдэл жингээ хасах хатуу даалгавар өгчээ.

Тухайлбал есдүгээр сарын 27-ны өдрөөс өмнө зохих жиндээ хүрэхгүй бол ажлын байраа алдах, дахин хэзээ ч соёлын салбарт ажиллах эрхгүй болохыг тус мужийн жүжигчид, дуучид, бүжигчид, хөгжимчдөд анхааруулсан байна.

Энэ нь Туркменистаны эцэг гэгддэг Гурбангулы Бердымухамедовын өгсөн үүрэг даалгавар болохыг Балкан мужийн урлагийн байгууллагын нэг эх сурвалж мэдээлжээ.

“Бердымухамедовын өгсөн чиглэлийн дагуу соёл урлагийн байгууллагын ажилтнуудад есдүгээр сарын 27-ноос өмнө жингээ хасах, ялангуяа хэвлийн өөхөө багасгах даалгавар өгсөн. Хэрвээ шаардлагыг биелүүлэхгүй бол соёлын салбараас хөөгдөхийг амаар болон бичгээр хатуу анхааруулсан” гэж эх сурвалж мэдээлсэн байна.

Нөгөө талаар хэтэрхий турахгүй байх ёстойг сануулсан гэнэ.

Туркменистаны эрх баригчид өмнө нь цагдаагийн албан хаагчдадаа бас жин хасах даалгавар өгч байсан удаатай.

Гэхдээ уран бүтээлчдийн цалин бага тул эрүүл мэндэд сайн хоол хүнс худалдаж авах, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжгүй байгаа талаар хэд хэдэн эх сурвалж гомдоллосон байна.

Туркменистаны хөрш Тажикистан, Узбекистан улсуудын эрх баригчид өмнө нь цагдаагийн ажилтнууддаа жин хасах зургаан сарын хугацаа өгч байжээ.

Тухайн үед Тажикистанд өгсөн даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй дор хаяж 10 албан хаагч ажлын байраа алдсан тухай мэдээлж байлаа.

зураг
 

Туркменистаны одоогийн ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын эцэг Гурбангулы Бердымухамедов эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдгээрээ алдартай хүн юм.

Жил бүрийн дөрөвдүгээр сарыг Эрүүл Мэнд, Аз Жаргалын сар болгож, төрийн албан хаагчид, оюутнууд спортын төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцдог уламжлалтай болсон нь түүний санаачилга байв.

“Одоо Бердымухамедов бидний гэдэсний хэмжээг хүртэл хянахыг хүсэж байна. Энэ нь эрх баригчдын оролцоогүй үлдсэн сүүлчийн зүйл байсан юм” гэж Балканабат хотын драмын театрын ажилтан ярьжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe