Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мадагаскарын хааны гавлын ясыг Франц улс эх оронд нь буцааж өгөв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Колоничлолын дайны үеэр Францын цэргүүдэд алагдсан Мадагаскарын хааны гавлын ясыг эх оронд нь буцааж өгөх ёслолын ажиллагаа өчигдөр Парис хотод болсон байна.

Энэ үеэр Тоера хаан болон түүний удмын өөр хоёр хүний гавлын ясыг Францын соёлын яам Мадагаскар улсын засгийн газрын төлөөлөгчдөд хүлээлгэн өгчээ.

Хааны гавлын ясыг арван есдүгээр зууны сүүлээр авчирч, Парис хотын Байгалийн Түүхийн Музейд хадгалж байсан юм байна.

Энэ нь Францын эрх баригчдын баталсан хүний шарилыг музейн цуглуулгаас холбогдох талд буцааж өгөх тухай шинэ хуулийг хэрэгжүүлсэн анхны тохиолдол болжээ.

“Эдгээр гавлын яснууд нь хүмүүний нэр төрийг уландаа гишгэсэн колоничлолын хүчирхийллийн цаг үед манай үндэсний цуглуулгад орсон юм” гэж Францын соёлын сайд Рачида Дати арга хэмжээний үеэр хэлсэн байна.

1897 оны наймдугаар сард Мадагаскар арлын баруун хэсэгт оршиж байсан Сакалава угсаатны Менабе вант улсад Францын цэргүүд халдахдаа өргөн хүрээний хядлага явуулсан юм.

Энэ үеэр Тоера хаан алагдаж, тастсан толгойг нь Франц руу илгээж байжээ.

Мадагаскарын засгийн газар олон жил хөөцөлдсөний эцэст хааны гавлын яс 130 орчим жилийн дараа төрөлх нутагтаа буцаж ирэхээр болж байна.

Гэхдээ уг гавлын яс хааных болохыг баталсан ямар нэг судалгааны үр дүн байхгүй юм. Зөвхөн Сакалава угсаатны уламжлалт шашин шүтлэгийн арга хэрэгслээр үүнийг тогтоожээ.

“Эзгүй байсан зуу гаруй жил нь манай арлын зүрхэнд эдгэрээгүй шарх болж байв” гэж Мадагаскарын соёлын сайд Воламиранти Донна Мара ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн байна.

Зөвхөн Парисын Байгалийн Түүхийн Музейд дэлхийн өнцөг булан бүрээс судалгааны зорилгоор Франц улсад авчирсан 20,000 гаруй хүний шарилын хэсэг байдаг гэнэ.

 

Эх сурвалж: BBC