Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Трампын шохоорхол Өмнөд Солонгосын үзэг үйлдвэрлэгчийн хувьцааны ханшийг огцом өсгөлөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Өмнөд Солонгосын бичгийн хэрэгсэл үйлдвэрлэгч компанийн хувьцааны ханш огцом өссөн нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санамсаргүй үйлдэлтэй шууд холбоотой байлаа.

Вашингтонд айлчлан очсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаар Цагаан ордны зууван танхимд орохоосоо өмнө зочны дэвтэрт сэтгэгдлээ бичиж, гарын үсгээ үлдээсэн юм.

Энэ үеэр түүний хэрэглэсэн гар хийцийн модон үзэг Трампын анхаарлыг ихэд татжээ.

“Энэ таны үзэг үү? Сайхан үзэг байна. Та үүнийгээ буцааж авч явах уу?” гэж Трамп хүндэт зочиндоо хэлэхэд тэнд байсан хүмүүс инээлдсэн байна.

“Надад таалагдаж байна. Мөр нь гоёмсог, өргөн юм. Надад нэгийг аваад өгөөч” гэж Трамп инээмсэглэн хэлжээ.

зураг
 

И Жэ Мюн хариуд нь ийм үзэг бэлэглэхээ амлаж, үүнийгээ нэр төрийн хэрэг гэж тодорхойлсон байна.

Трамп бэхтэй үзэгт тийм ч дуртай биш тул өдөр тутам хэрэглэхгүй, гэхдээ бэлэглэвэл “маш чухал газар нандигнан хадгалах”-аа энэ үеэр хэлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч өөрийн гарын үсгийг тод, өргөн зураасаар бичдэгээрээ алдартай.

зураг
 

Трампын шохоорхол өчигдөр Өмнөд Солонгосын 60 гаруй жилийн түүхтэй бичгийн хэрэгсэл үйлдвэрлэгч Monami компанийн хувьцааны ханшийг 30 орчим хувиар өсгөсөн байна.

Гэхдээ энэ нь андуурал байжээ. И Жэ Мюний үзгийн жинхэнэ үйлдвэрлэгч Zenyle компани байсан байна.

Трампын шохоорхлын дараа асар их захиалга ирсэн тухай тус компани мэдэгдээд “Энэ бол захиалгаар бүтээдэг, худалдаанд гардаггүй бүтээгдэхүүн юм” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: AFP