Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Поп од Тэйлор Свифт хоёр жил үерхсэн Трэвис Кэлситэй сүй тавьснаа зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 8 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Америкийн поп од Тэйлор Свифт сүүлийн хоёр жил орчим хугацаанд үерхсэн найз залуу Трэвис Кэлситэй сүй тавьснаа өчигдөр зарлажээ.

Америк хөлбөмбөгийн од өвдөг сөхрөн дуучин бүсгүйгээс гэрлэхийг гуйж байгаа, мөн Свифтийн хуруунд сүйн бөгж байгааг харуулсан гэрэл зургуудыг тэд сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

Ингэхдээ “Танай англи хэлний багш, биеийн тамирын багш хоёр гэрлэх гэж байна” гэсэн үгсээр нийтлэлээ гарчигласан байв.

зураг
 

Мөн 2024 оны “The Tortured Poets Department” цомгийнхоо “So High School” дууг үүндээ хавсаргажээ.

Энэ цомог Свифтийн өмнө нь үерхэж байсан “The 1975” хамтлагийн гоцлол дуучин Мэтти Хилигээс салсны бэлгэдэлд тооцогдож байсан юм.

Сүүлд уг цомгийнхоо “Anthology” өргөтгөсөн хувилбарт “So High School” романтик дууг нэмснийг Кэлсид зориулагдсан гэх таамгийг шүтэн бишрэгчид нь дэвшүүлж байжээ.

Адилхан 35 настай Свифт, Кэлси нарын үерхэл 2023 оноос эхэлсэн юм.

Тэд өнгөрсөн хугацаанд Свифтийн “Eras Tour” аялан тоглолт болон Кэлсигийн Kansas City Chiefs багийн тоглолтын үеэр олон удаа олны өмнө хамтдаа ил гарч байв.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэдийгээр өмнө нь өрсөлдөгч Камала Харрисыг дэмжсэн шалтгаанаар Свифттэй муудалцаж байсан ч өчигдөр сүй тавьсан алдар цуутай хосод баяр хүргэсэн эхний хүмүүсийн нэг болсон юм.

Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп энэ талаар асуухад “Тэдэнд маш их аз, амжилт хүсэн ерөөе” гэж хариулжээ.

Өнгөрсөн онд Тэйлор Свифт гурван цагийн урттай “Eras Tour” концертоо дэлхий даяар 149 удаа толилуулж өндөрлүүлсний дараа дэлхийн хамгийн баян хөгжмийн уран бүтээлч болсон юм.

Одоо түүний шүтэн бишрэгчид аравдугаар сарын 3-нд худалдаанд гарах 12 дахь “The Life of a Showgirl” цомгийг нь хүлээж байгаа.

Шинэ цомгийн тухай мэдээг энэ сарын эхээр NFL-ийн тоглогч асан ах Жэсонтой хамт Кэлсигийн хөтөлдөг “New Heigths” подкаст нэвтрүүлгийн үеэр зарласан юм.

Кэлси, Свифт хоёрын харилцааны талаар ярьсан энэ нэвтрүүлэг YouTube платформ дээр нэгэн зэрэг 1.3 сая хүн үзсэн үзүүлэлтээр Гиннесийн дээд амжилт тогтоож байв.

Бүтэлгүй хайрынхаа түүхийг дуулдгаараа алдаршсан Свифтийн шинэ дурлал NFL-ийн хамгийн чадварлаг тоглогчдын нэг гэгддэг Кэлсигийн нэр хүндийг улам өсгөөд байгаа.

Ирэх долоо хоногт Кэлси өөрийн багтай 13 дахь улирлын тоглолтоо эхлүүлэх гэж байна. Свифтийн ачаар спортоос гадна энтертайнмэнт салбарт од болсон түүний хувьд энэ нь сүүлчийн улирал байж магадгүй гэж ажиглагчид үзэж байгаа.

 

Эх сурвалж: Reuters