Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьснаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ.
Хамгийн сүүлд тэр өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский болон Европын удирдагчидтай Цагаан ордонд хийсэн уулзалтынхаа дундуур Путинтэй утсаар ярьж байсан юм.
Түүнээс хойш дахин холбогдсон эсэхийг нь сэтгүүлчид асуухад Трамп “Тиймээ, ярьсан” гэж хариулжээ.
Сүүлчийн яриа ямар уур амьсгалтай өнгөрснийг асуухад тэр “Түүнтэй ярьсан яриа бүр сайхан болдог. Гэвч харамсалтай нь үүний дараа Киев болон өөр хаа нэгтээ бөмбөг дэлбэрч эхэлдэг. Энэ нь намайг их бухимдуулдаг” гэж хэлсэн байна.
Путин яагаад Зеленскийтэй нүүр тулж уулзахаас цааргалж байгааг асуухад Трамп “Түүнд дургүй учраас. Надад бас дургүй хүмүүс байдаг. Би тэдэнтэй уулзах дургүй” гэж тайлбарлажээ.
Гэсэн хэдий ч Украины дайн дуусах цаг ойртсон гэдэгт итгэж байгаагаа тэр илэрхийлсэн байна.
Даваа гарагт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох асуудлаар Украин болон Их Британи, Франц, Финланд, Герман, Итали, Польш, Европын Холбооны гадаад хэргийн сайд нартай зайнаас хуралдсан байна.
Уг хурлаар Орос-Украины дайныг дипломат арга замаар зогсоох хамтын хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр тохиролцсоныг төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Томми Пиготт мэдээлжээ.
АНУ болон Европын эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлд хүчин чармайлт гаргаж буй гол хүмүүсийн нэг Италийн гадаад хэргийн сайд Антонио Таяни энэ хурлын үеэр НАТО маягийн аюулгүй байдлын баталгааг Украинд өгөхийн ач холбогдлыг онцолж, үүнд идэвхтэй оролцохыг холбоотнууддаа уриалсан тухай дээрх мэдэгдэлд бас дурдсан байна.
Ингэхдээ тэр Итали улс Украины тэнгис болон хуурай газарт мина устгах ажиллагаанд оролцоход бэлэн байгааг мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!