Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/59, А/101, мөн 2025 оны А/414 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангид цахим контент, дижитал сурах бичгийн систем нэвтрүүлж эхэлснийг Боловсролын Ерөнхий Газар(БЕГ)-аас мэдээллээ.
Энэхүү ажлын гүйцэтгэгчээр Унгар улсын “MOZAIK KIADO KFT” ХХК шалгарч, 2024 оны есдүгээр сард БЕГ-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа аж.
2024–2025 оны хичээлийн жилд хийгдсэн онцлох ажлууд:
- 22,680 багш, 377804 суралцагчийн medle.mn домайн өргөтгөлтэй хаягийн бүртгэл баталгаажиж, дижитал платформд нэвтрэх боломжтой болов.
- 711 3D үзүүлэн, 243 цахим хичээл, 111 видео хичээл монгол хэлээр орчуулагдан платформд байршуулагдсан бөгөөд орчуулах ажил үргэлжилсээр байна.
- Дунд, ахлах ангийн сурах бичгийг цахим хэлбэрт шилжүүлж нэмэлт агуулгаар баяжуулсан.
- Үндэсний 30 сургагч багш бэлтгэгдэж, аймаг, нийслэлийн хэмжээнд сургалт, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж байна.
- Одоогоор 10,000 гаруй багш платформтой танилцаж мэдээлэлтэй болов.
2025–2026 оны хичээлийн жилд хийх ажлын төлөвлөгөө:
- 8-10 дугаар сар: Үндэсний сургагч багш, боловсролын газрын мэргэжилтэн, сургалтын менежерүүдийг сургалтад хамруулж, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан цахим гарын авлагыг түгээнэ.
- 9-6 дугаар сар: 36,000 багш, 432,000 суралцагчийг бүрэн хамруулж, жишиг цахим хичээл боловсруулан хуваалцаж, улирал бүр цахим сорил, даалгавар зохион байгуулна.
- 9-6 дугаар сар: Мониторинг, зөвлөн туслах ажлыг тогтмол хэрэгжүүлж, сурагчдын ахиц дэвшлийг судлан тайлан нэгтгэнэ.
Системийн ач холбогдол:
- Багш: Хичээл заах бүх үе шатанд цахим орчныг үр дүнтэй ашиглах, суралцагчийн ахицыг бодит өгөгдлөөр үнэлэх боломжтой болно.
- Суралцагч: Хичээлээ илүү ойлгомжтой, сонирхолтойгоор үзэж, бие даан суралцах, өөрийн ахиц дэвшлийг тогтмол харах боломжтой.
- Цаасан сурах бичгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэж, баяжуулсан цахим сурах бичгээр мэдлэгээ гүнзгийрүүлэх шинэ боломж нээгдэнэ гэж БЕГ-аас мэдээллээ.
Mozaik цахим боловсрол ба сургалт: www.mozaweb.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!